Дэлхий

Москвагийн халдлагын дараа Орос даяар гадаадын цагаачдыг үзэн ядах үзэгдэл нэмэгджээ

Нийтэлсэн

Баасан гарагт Москвад гарсан террорист халдлагын дараа Орос даяар гадаадын иргэдийг, тэр тусмаа Төв Азийн цагаач иргэдийг үзэн ядах үзэгдэл нэмэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Ням гарагт Оросын алс дорнодын Благовещенск хотод Төв Азийн улсаас гаралтай хүний эзэмшдэг кафег галдан шатаасан хэрэг гарсныг Телеграм хуудаснууд мэдээлжээ.

Баруун хязгаарын Калуга хотод гурван тажик хүн халдлагад өртсөний улмаас нэг нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Москва мужийн нутаг дэвсгэрт хэсэг залуус дөрвөн тажик цагаачийн амь насанд халдахаар сүрдүүлсний дараа суудлын галт тэрэгнээс гаргаж шидсэн хэрэг гарчээ.

Оросын зарим орон нутгийн эрх баригчид Төв Азийн цагаачдын бичиг баримт, амьдардаг орон байрыг шалгах ажлыг эрчимжүүлж эхэлсэн тухай Телеграмын База суваг мэдээлсэн байна.

Тажикистаны олон зуун мянган иргэн ОХУ-д ажил хөдөлмөр эрхэлдэг юм.

Москвагийн халдлагыг үйлдсэнээ Исламын Улс олон улсын террорист байгууллага хүлээсэн. Халдлагыг үйлдсэн гэгдэж буй дөрвөн этгээд Тажикистаны иргэд, эсвэл тажик гаралтай Оросын иргэд байсан юм.

Өчигдөр Тажикистан улсын эрх баригчид ОХУ дахь өөрийн иргэдийг хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Тухайлбал Тажикистаны Ардчилсан Намаас сонгогдсон парламентын зарим гишүүд ОХУ-ын ерөнхийлөгч Путинд хандаж, өөрийнх нь иргэдийг хамгаалах арга хэмжээ авахыг уриалжээ.

Ням гарагт бас Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа эмгэнэл илэрхийлээд “Террористуудад эх орон, үндэс угсаа, шашин шүтлэг байхгүй” гэж хэлснийг албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Москва дахь Тажикистаны элчин сайдын яам хүчирхийлэлд өртөхгүйн тулд аль болох гэрээсээ гарахгүй байхыг ОХУ-д оршин суудаг иргэддээ анхааруулжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe

Exit mobile version