Дэлхий

Гүн хямралд нэрвэгдсэн Boeing компани удирдлагаа сольж байгааг зарлалаа

Нийтэлсэн

Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дараалсан олон асуудалтай тулгараад байгаа АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч Boeing компани удирдлагадаа халаа сэлгээ хийж байгааг Даваа гарагт зарлажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Дэйв Кэлхун энэ оны сүүлээр албан тушаалаа хүлээлгэж өгөхөөр болсон бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ларри Келлнер гэрээт хугацаагаа дуусгасны дараа компаниас явахаар болсон байна.

Үүнээс гадна Boeing компанийн арилжааны нисэх онгоцны салбарын захирал Стэн Дил нэн даруй тэтгэвэртээ гарахаар болжээ.

Түүний ажил үүргийг үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Стефани Пөүп хүлээж авахаар болсон байна.

General Electric, Blackstone Group зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай, Boeing-ийн дэд захирлаар олон жил ажилласан Дэйв Кэлхунийг 2020 оны эхээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилж байжээ.

Тухайн үед Boeing компанийн 737 Max загварын хоёр онгоц дараалан осолдоод байсан юм. Кэлхун алба хашсан дөрвөн жилийн хугацаагаа уг загварын аюулгүй байдлыг сайжруулахад зориулсан ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй.

“Би төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хэсэг хугацаанд ярилцсаны эцэст Boeing компанийн гүйцэтгэх захирлыг солих цаг болсон гэж үзлээ. Дэлхийн нийтийн нүд биднийг харж байгаа энэ үед сүүлийн хэдэн жилийн турш Boeing-ийг сэргээн босгохын төлөө хамтдаа ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан компанийг илүү сайн болгож чадна гэдэгт итгэлтэй байна” гэж тэр ажилтнууддаа хандаж бичжээ.

Энэ оны эхээр Alaska Airlines компанийн 737 Max загварын онгоцны нислэгийн үеэр ослын хаалга нь салж унасан осол гарч байв.

Үүний дараа Boeing компанийн удирдлагуудын суудал ганхаж эхэлсэн юм.

“Хэн нэгэн ажлаа алдахад баярлаад байдаггүй ч Boeing-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн энэ шийдвэрийг ухаалаг алхам гэж бид үзэж байна. Boeing-ийн олон хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид болон бусад талуудын компанид итгэх итгэл суларснаас гадна FAA, NTSB зэрэг зохицуулагч байгууллагуудтай харилцах харилцаа ч ээдрээтэй болоод байв” гэж Vertical Reasearch Partners компанийн шинжээч Роберт Сталлард өчигдөр хэлсэн байна.

Удирдлага солигдох шийдвэрийг зарласны дараа өчигдөр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжааны үеэр Boeing-ийн хувьцааны ханш дөрөв орчим хувиар өссөн юм.

Тус компанийн хувьцааны ханш оны эхнээс гуравдугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд 28 хувиар унаад байсан нь Dow Jones Industrial Average-ийн хамгийн муу үзүүлэлт байлаа.

2018, 2019 онуудад гарсан хоёр том ослын дараа дэлхийн улс орнуудын авиа компаниуд Boeing 737 Max загварын нисэх онгоцнуудыг газардуулах арга хэмжээ авч байв. 2020 онд уг загварыг дахин нисгэж эхэлсэн ч цар тахлын нөлөөгөөр Boeing-ийн үйлдвэрлэл удааширсан юм.

Одоо тус компанийн шинэ удирдлага бүтээгдэхүүнийхээ чанарын хяналтыг сайжруулж, харилцагчдынхаа итгэлийг сэргээх хүнд хэцүү даалгавартай тулгарч байна.

 

Эх сурвалж: Bloomberg

Exit mobile version