Нийгэм
ХЭҮК-т цалингаа дутуу авсан, удирдлагын зүгээс дарамтын шинжтэй үйлдлүүд гардаг зэрэг гомдол хамгийн их иржээ
Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор эрх бүхий албан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд 2023 онд хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын гишүүд байгууллага, албан тушаалтан хуулийн этгээд хүний эрхий эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзсэн зөрчлийг арилгуулахаар өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Эдгээрийг агуулгаар нь харвал хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, жендэрийн эрх тэгш байдал, хүүхдийн эрх, хүүхдийн сурч боловсрох эрх, ЕБС-ийн дотуур байрны орчин нөхцөлтэй холбоотой шаардлага, зөвлөмжийн хувь хамгийн өндөр байжээ.
Зарим гомдол, мэдээллүүдээс дурдвал:
ХЭҮК-т 2023 онд ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн сурч, боловсрох эрх зөрчигдөж байгаатай холбоотой гомдол, мэдээлэл иржээ. Уг гомдлын дагуу комиссын гишүүн шалгалт хийж, сургалтын чанар, үйл ажиллагаанд үнэлгээ хийх шаардлагатай. Мөн сурагчид сургалтын агуулгыг бүрэн авч чадахгүй байгаа, багш нар хичээлийн цагийг үр дүнгүй өнгөрүүлж, хичээл тасалдуулдаг гэсэн зөрчлүүдийг илрүүлсэн байна.
Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн албан хаагчдын зүгээс ажлын байрны дарамт учруулах асуудал байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн. Мөн тус компанийн үйл ажиллагаатай холбоотой тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн зүгээс олборлолтын үйл ажиллагааны явцад тоосжилт их байна. Агаарт үнэр их тархаж байна гэсэн гомдол мэдээлэл ирсэн байна.
ХЭҮК-т ирж байгаа гомдол мэдээллүүдийн ихэнх нь хөдөлмөрийн харилцаан дахь маргаан буюу цалин хөлсөө дутуу авсан, нэмэгдэл хөлс олгодоггүй, илүү цагаар ажиллуулдаг, хөдөлмөрийн харилцаан дээр удирдах албан тушаалтны зүгээс дарамтын шинжтэй үйлдлүүд гаргадаг, жендэрийн ялгаварлан гадуурхалт их байна гэсэн гомдлууд байдаг аж.