Улс төр
Ж.Чинбүрэн: Төрийн ажил хийдэг дарга нар “гөлөг төөрүүлдэг” аргатай болчихсон байна
УИХ-ын гишүүн, “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны дарга Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та УИХ-аас байгуулсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны даргаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмийн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар ажиллаж байна. Энэ ажил тань ямар шатандаа явна вэ?
-Бэлтгэл ажил бараг 80 гаруй хувьтай байна. Нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сард багтааж зохион байгуулна. Уг нь, гуравдугаар сарын сүүлээр хийх гэж байсан. Даан ч тодорхой хүмүүс нь мэдээлэл өгөхгүй, зориуд ажил тасалдуулж байна. Төрийн ажил хийж байгаа дарга нар “гөлөг төөрүүлдэг” аргатай болчихсон юм байна.
-Та өнгөрсөн баасан гарагт олон нийтэд хандаж, мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны даргын хувьд нэгэн ноцтой мэдэгдэл хийснээ ярьж байна уу?
-Тийм ээ, Түр хороо өнгөрсөн пүрэв гарагт хаалттай хуралдсан. Хаана, хаана ямар мэдээлэл, хэдэн удаа нэхээд байхад өгөхгүй байна гэдгийг тодорхой болгосон. Мэдээлэл өгч байгаа нэрээр дутуу ирүүлэх, гол мэдээллээ өгөхгүй байх, “гөлөг төөруулж” байгаа мэт үйлдэл гаргаж байна. Энэ байдал нь олон нийтийн эрх ашиг хөндөгдөөд байгаа эмийн чанар, үнийн өсөлттэй холбоотой Түр хорооны сонсголыг удаашруулах, нэг ёсондоо УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж байна гэж ойлгож болно. Гэтэл Хянан шалгах тухай хуулийн 58-р зүйлд үйл ажиллагаанд саад учруулах юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг товч, тодорхой тусгасан. Энэ ч утгаараа мэдээлэл өгөхгүй, төөрөгдүүлж байгаатай холбоотой хэн хэн, ямар албан тушаалтан, ямар газрууд мэдээллээ өгөхгүй байна вэ гэдгийг хэвлэлийн хурлынхаа үеэр зарласан л хэрэг.
-Та мэдээллийнхээ үеэр нэг төрийн албан тушаалтан хүний нэрийг онцгойлон дурдсан шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд хоёр ч сонсгол боллоо. “Хөгжлийн банк”, “Нүүрсний хулгай”-н сонсголоос харахад Монголын их хулгай нэг бол байгалийн баялаг, эсвэл төртэй хамтарч тендер мэтийн байдлаар татвар төлөгчдийн мөнгийг хулгайлдаг байдал л харагдаж байгаа юм. Өмнө нь хөнгөлөлттэй эмийн төсөв 40 тэрбум төгрөг байсан. Одоо бол 140 тэрбум төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл, 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлээд байхад л ард иргэдийн халаасыг хоосолсон хэвээрээ байна. Ард иргэдэд чанартай эм очихгүй байна.
Нөгөө талаасаа улсын том эмнэлгийн тендер авах нэрийдлээр хоорондоо үгсэж, эмийг үнэтэй зардаг тогтолцоо аль хэдийнэ нүүрлэчихсэн байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, түүгээрээ дамжуулаад хөнгөлөлттэй эмийн жагсаалтад эмийг хэн оруулж байна вэ, тэр албан тушаалтнууд өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй эсэх асуудал хөндөгдөж байгаа юм. Хэд хэдэн удаагийн Эмийн үнийн зөвлөлийн хурлын протоколыг авах гээд авч чадахгүй байна. Эрүүл мэндийн яамны архивт байхгүй гээд байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Аливаа хурлын протокол, бүртгэл нь байх ёстой биз дээ. Уг нь, хуультай шүү дээ.
-Өөрөөр хэлбэл, та бүхэнд бичиг баримтаа гаргаж өгөхгүй, нотлох баримтыг зориудаар нууж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэр хүнээс ав, энэ хүнээс ав л гэдэг. Ерөөсөө л яаж өгөхгүй байх вэ гэдэг арга, сүвэгчлээд л яваад байгаа юм. Тиймээс зориудаар тэр Эмийн холбооны тэргүүн, Эрүүл мэндийн яамны Эм зүйн салбар зөвлөлийн тэргүүн Д.Энхжаргал та хурлын протоколыг гаргаж өг өө. Би олон нийтийн хэрэгслээр дамжуулж аргаа барсандаа таны нэрийг зарлалаа. Хэрэв өгөхгүй бол та хуульд зааснаар хариуцлага хүлээнэ гэдгийг дахин сануулах байна. Түр хорооноос албан бичгийг гурван ч удаа явуулсан байдаг.
-Цаана нь бизнесийн ашиг сонирхол, “Хөтөлгөө морь”-той гэж хардаж болох уу?
-Төрийн ажил хийж байгаа 750 орчим албан тушаалтны хамаарал бүхий 9000 гаруй этгээдийг шалгаж байна. Энэ нь нэг ёсондоо эмийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, эм үйлдвэрлэл эрхэлдэг эсэх, энэ асуудалтай уялдаа холбоо байгаа эсэх, шийдвэр гаргах нөхцөлд нөлөөлдөг зүйл байна уу, үгүй юу гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Нэлээн өргөн хүрээтэй хийгдэж байгаа ажил болохоор хамаарал бүхий этгээдийг тогтоох ажил хугацаа их шаардаж байна. Ерөөсөө тогтолцоог төвөгтэй болгох, хялбар биш байх нөхцөл байдал л авлигыг бий болгож байгаа том сүлжээ юм. Өнөөдөр эм ханган нийлүүлэх байгууллагын зөвшөөрөлтэй 300 гаруй компани бий. Бид зориудаар сошиал ертөнцөд эм ханган нийлүүлэх байгууллага, компаниудын дунд эм зарах, худалдан авах гэсэн зар явуулж үзсэн. Тэгэхэд 50-200 сая төгрөгөөр зарна гэсэн санал орж байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр авлига, хээл хахуулиар албан тушаалтнуудын эрх мэдлээр дамжуулан авсан эм ханган нийлүүлдэг байгууллагууд ингэж зарж ашиг олдог байх нь. Нөгөө талаараа зөвшөөрөл олгох процесс нь өөрөө төвөгтэй байна. Ийм байдалд түлхэж оруулж байна л даа.
-Эмийн жагсаалтад эм бүртгүүлэхэд бас хүндрэлтэй байдаг гэж сонсож байсан юм байна. Энэ нь авлигыг өөгшүүлэх нэг хэлбэр мөн үү?
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, журмаар бид хатуу зохицуулалттай орны эмийг Монгол Улсад бүртгэх ажлыг илүү хялбар болгосон. Хатуу зохицуулалт гэдэг нь хөгжил сайн улс, орныг хэлж байгаа юм. Хялбар болгоод зогсохгүй аль болох цахим болгох ёстой. Ер нь, цахим гэдэг чинь танил тал байхгүй гэсэн үг. Дээр нь, өдөрт 24 цаг, долоо хоногт долоон өдөр ажиллана. Цахим ядрахгүй, цуцахгүй. Танил талд нь боломж хэзээ ч олгохгүй. Энэ мэтээр бид илүү цахимжих ёстой. Манай эрүүл мэндийн салбарт дутагдаж байгаа зүйл бий. Бид эмийн агентлаг байгуулаад өгчихсөн. Эмийн агентлаг гаалийн байгууллагатай хамтраад эм импортолж оруулж ирж байгаа компанийн мэдүүлж байгаа үнэ, буцаагаад жижиглэнгээр зараад иргэдийн гар дээр хэдэн төгрөгөөр ирж байгааг харах боломжгүй болгоод байна, одоог хүртэл. Бид Эм, эмнэлгийн хэрэгслийн хянан зохицуулах агентлагийг байгуулаад дөрвөн жил болох гэж байна. Энэ гурван жил хагасын хугацаанд таван дарга солигдсон. Одоо ажиллаж байгаа нь орлон гүйцэтгэгч байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь иргэдэд нээлттэй байх тогтолцоог хүртэл хийхэд саад тотгор хэвээрээ байсаар л байна гэсэн үг.
-Таныг Түр хорооны даргаар ажиллаж, ажил эрчимжээд эхлэхэд ямар нэгэн дайралт шахалт ирсэн үү?
-Шийдвэр гаргах процессыг удаашруулж байна. Мэдээллийг зориуд төөрөгдүүлж байна. Өгөхгүй байх санаа байна. Би хэлсэн, яг л утгаараа “гөлөг төөрүүлнэ” гэдэг нь болж байна даа. Жишээ нь, аягүй олон хуудас материал өгнө. Харахад 100 гаруй хуудас хамаг мэдээллээ өгчихсөн юм шиг л харагдаж байгаа юм. Тэр дотроо яг хэрэгтэй хуудас, мэдээлэл нь байхгүй байна. Энэ бол зориудаар өдөөн хатгаж байгаа зүйл юм. Харин бусад янз бүрийн дайралт, дарамтыг бол би тоохгүй.
-Мэдээж нээлттэй сонсголоор олон асуудал ил болж таарна. Танд наана нь ярьж болохгүй зүйл ч байгаа байх. Гэхдээ сүүлийн үед Эрүүл мэндийн сайд та хоёрын дунд маргаан яваад байх шиг. Үүнд тайлбар өгнө үү?
-Яах вэ, би бол мэдээллээ зөв өг. Гол мэдээллээ өг гэдэг зүйлийг л ярьж байгаа юм. Манай сайд түшмэдүүдийнхээ үгэнд ороод олон удаа баахан бичиг цаас нэхээд байна гэхээр нь л тэрэнд нь итгээд давхиад байгаа юм болов уу гэж л бодож байна. Тэр дотор гол гол мэдээллээ өгөхгүй байна гэдгийг манай хүн харж, уншиж амжихгүй байх. Тэгэхээр гарын үсэг зураад өгч байгаа материалаа харахаар бүгдийг нь л өгөөд байгаа юм шиг харагдаж байгаа байх. Гэтэл тийм биш ээ. Хоёрт, мэдээж салбараа өмөөрөх байх. Ж.Чинбүрэн салбараа муулаад байна гэж бодож байгаа байх. Гэхдээ тийм биш ээ, болохгүй байгаа зүйлээ ярьж байж, ширээн дээрээ гаргаж тавьж байж дахиж ийм алдаа гаргахгүй байх, дахиж ард иргэдийг энэ салбарт итгэл үнэмшилгүй байлгах нь өөрөө ямар их хор уршигтай гэдгийг ярих ёстой. Бид эмийн салбарыг эмчилж, эмийг өөрийг нь эмчлэхгүй л бол эрүүл мэндийн салбарт ард иргэд итгэх итгэл байхгүй болно. Болохгүй байгаа зүйлээ яриад цаашдаа эмээ шалгадаг болно. Одоо Монголд та бүхний хэрэглэж байгаа эм болгон чанартай болно гэдгийг зарлах ёстой. Түүнээс болохгүй байгаа зүйлийг хуурч, нуугаад байж болохгүй. Бид шокын эмчилгээ гэж нэрлэдэг. Ингэж байж бид шокын эмчилгээ хийж энэ салбарыг буцаж босгож ирнэ. Ер нь, эрүүл мэндийн салбарын ажилчдын ур чадвар дутсан зүйл байхгүй. Гол нь, эмийг эмчлэх ёстой, эм нь чанартай байх ёстой.
-Импортоор орж ирж байгаа эмийн хамгийн том худалдан авагч нь төр мөн үү?
-Үнэн. Өнгөрсөн 30 жилд манай эмийн салбарт хямд үнэтэй эмийг улсын эмнэлэгт тендерээр зарна гэдэг л зорилготой явж ирсэн. Үүний гаж нөлөө нь өнөөдөр хямд үнэтэй эм л ирдэг болчихсон. Тэр битгий хэл, хөгжлөөрөө манай улсаас доогуур байдаг орны эмийг авч ирж иргэдэд шахаад байна. Энэ нь өөрөө чанаргүй болгосон гол том асуудал нь байгаа юм. Зах зээлээ авч үзэх юм бол хөнгөлөлттэй эм гээд нэг том бүлэг явж байна. Хөнгөлөлттэй эмэнд бид 140 тэрбум төгрөг зарцуулж байна. Тендер болон худалдан авалтаар 160 тэрбум орчим болж байна. Хуучин бол 300 тэрбум орчим байсан, буураад байгаа юм. Эрүүл мэндийн яам дээр нэг сайн зүйл бий. Дандаа муу биш. Нэгдсэн худалдан авалт хийж чаддаг болсон. Нэгдсэн худалдан авалт гэдэг нь Монгол Улсад олноор хэрэглэж байгаа антибиотек байна. Тэдгээрийг чанартай, бөөнөөр нь авч эмнэлгүүддээ түгээдэг болсон. Энэ бол үнэ буурах, чанартай байх тогтолцоог бий болгож байгаа юм. Дээр нь, бид 2023 онд баталсан хуулиар төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдаж авах тендерийн хуульд чанар нэг номер гэдгийг тусгаж, оруулж өгсөн. Одоо 2024 оноос эмнэлгүүд хямд үнэтэй биш чанартай эм авах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчихсөн.
-Таны хэлснээр өнгөрсөн хугацаанд хоёр ч нээлттэй сонсголыг хийсэн. Гэхдээ “Хөгжлийн банк”-ны хэрэг,”Нүүрсний хулгай”-тай холбоотой сонсголын үр дүн иргэдэд төдийлэн таалагдаагүй. Өөрөөр хэлбэл, санаанд хүрээгүй шиг санагддаг. Одоо эмийн нээлттэй сонсгол тэр зүг рүү явчих вий гэх болгоомжлол байх шиг байна л даа?
-УИХ-ын гишүүн хүний хувьд, УИХ-ын Хянан шалгах хууль батлалцсан хүний хувьд хэн нэгнийг шоронд хийх нь номер нэг асуудал огт биш. Ерөөсөө олон нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа зүйлийг олон нийтэд сонсгож, цаашид хүчний байгууллагад уламжлан тухайн хуулийн хүрээнд л арга хэмжээ нь авагдаад явах ёстой. Гол өгөөж нь дахин энэ чиглэлээр энэ төрлийн хулгай л хийгдэхгүй байх ёстой. Тогтолцоогоо засаж авах ёстой. Болохгүй байгаа зүйлээ ил гарган ярьж, дахиад олон нийтийн өмчийг хулгайлдаггүй, үрэгдүүлдэггүй байх хэрэгтэй. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс олон нийтийн сонсголын давуу талыг цус үзэх нь чухал биш. Тэртэй тэргүй шүүх, цагдаа нь шийдээд явчихна. Гол бидний зорилго бол ийм байна, ийм нотолгоо гаргалаа, энийг шалгаарай л гэх юм. Би сонсголын үр дүнг аягүй эергээр хардаг. Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны сонсгол хийсэн даруйд 2.3 их наяд төгрөг буцааж төвлөрсөн. Олон нийтийн сонсголд олон нийтийг мэдүүлнэ гэдэг нь өөрөө ямар чухал зүйл болох нь харагдлаа. Тэрний ачаар “Хөгжлийн банк” дампуурлаас гарсан шүү дээ. Нүүрсний сонсголыг хар л даа. Бид олон хүнийг яллахдаа биш, дахин Монгол Улсын баялгийг хэдхэн хүн хулгайлдаг асуудлыг зогсоочихлоо шүү дээ. Тэрний давуу талаар Монгол Улсын эдийн засаг нэмэгдлээ. Баялгаа ард иргэд буцаагаад авч, хүртэж эхэллээ. Одоо эмийн сонсгол болно. Энэ хоёр сонсголоо бодох юм бол арай зөөлөн. Учир нь, энд хувийн салбарынхан бизнес хийгээд байгаа юм. Тэр хэдэн компани л төртэй нийлж хулгай хийгээд байгаа юм. Төрийн байгууллага нь чанараа шалгадаггүй эс үйлдлээрээ тогтолцоог улам нураагаад байгаа юм.
-Ингэхэд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн байдал хэр хангалттай вэ. Эсвэл хууль нь байсан ч хэрэгжүүлдэггүй тал байна уу, эсвэл үнэхээр хууль эрх зүйн орчин нь дутагдалтай байна уу?
-Би өөрийгөө азтай гэж боддог. УИХ-ын гишүүн 2020 онд болоод Эрүүл мэндийн салбарын том реформ хийсэн. Ажлын хэсгийг ахалсан. Дараа нь 2020 оны аравдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл Засгийн газар өргөн барьчихсан байсан. Тэр Ажлын хэсгийг ахлах боломж гарсан. Би хуулийн төсөл дээр бүтэн найман сар суусан. Эмч хүн болохоороо бүгдийг мэдэхгүй, мэдэх ёстой биш л дээ. Эм зүйн салбарын хууль, эрх зүйн зохицуулалт огт өөр. Тэгэхэд би тэр хуулийн төслийг эрээн цоохор болтол нь бүтэн найман сар сууж ажилласан. Өргөн барьсан хуулийн 40 хувь нь өөрчлөгдөх юм бол хууль санаачлагчид нь буцаадаг. Юун 40 хувь, 80 хувь нь өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн яам хуулиа татсан. Тэнд харж байхад зарим хэрэгжиж байгаа хуулийн заалт байна. Жишээ нь, эм ханган нийлүүлдэг байгууллага жижиг аптек эрхлэхгүй. Гэтэл танил тал, амраг садан, үр хүүхэд, найз нөхдөөрөө дамжуулж баахан аптек нээчихсэн байна. Энэ нь өөрөө монопол тогтолцоог бий болгож байгаа юм. Гэтэл хуульд нь та болохгүй гээд заачихсан байдаг. Хуулийн цоорхойг ингэж л ашиглаж байна. Нөгөө талаараа хуульд байхгүй, зохицуулах шаардлагатай зүйл олон байна. Тэр миний 2020 онд цоохорлосон төслийг янзлаад өргөн барих ёстой. Тэрийг барих сонирхол яагаад байхгүй байна вэ. Ямар нэгэн саад байна л гэсэн үг биз дээ. Би 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Бүх Монголоо эмчилье” гэдэг том зорилго дэвшүүлсэн. Тэр ч утгаараа манай баянзүрхчүүд надад хамгийн их саналыг өгсөн. Монголоо эмчилнэ, эрүүл мэндийн салбарт том өөрчлөлт хийнэ гэж харж байгаа. Тэр утгаараа эхний том өөрчлөлт бол эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоо буюу даатгалаас санхүүждэг тогтолцоог гүйцэтгэлтэй болгосон. Нэг ёсондоо хуучин шиг төсөв өгчихөөд хэдэн хүн эмчлэх нь хамаагүй гээд хаячихдаг байсан бол хэчнээн олон хүн эмчилнэ, хүнд хүн эмчлэх тусам санхүүжилт авдаг болсон. Дээр нь, улсын болон хувийн эмнэлэг ижил санхүүжилт авдаг болсон.
-Нэгэнт тантай уулзсаныг нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар боллоо. Засгийн газраас ч гэсэн 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Үүнд та ямар бодол, байр суурьтай байгаа вэ?
-Сонгогдсон гишүүдийн хувьд өөрийн ашиг сонирхлын талаасаа ярих юм бол жижиг тогтолцоо байх нь илүү ашигтай. Гэхдээ бид хувийн ашиг, хонжоогоо бодож болохгүй. Улс, эх орны хөгжил ирээдүйгээ харж явах ёстой. Өнөөдөр хөгжлийн явцынхаа дунд голдуу мажоритар буюу жалга довны үзэл дээрээ тогтчихсон, тухай аймаг тойргоо услах хэмжээнд бодож ирсэн. Энэ нь том, том хөгжлийн бодлогыг явуулахад дандаа чөдөр болж ирсэн. Парламент дотор тойргоо ярьдаг нэг хэсэг, улс орныхоо хөгжлийг хардаг нэг хэсэг гарч ирнэ. Үүнийг би сайн тал гэж харж байна. Тийм ч учраас дэмжиж санал өгсөн. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өмнө иргэдтэйгээ уулзалт хийсэн. Ярьж ч явсан. Өнөөдөр салбар бүр эзэнтэй байх нь маш чухал. Эрүүл мэндийн салбарыг төлөөлж байгаа эрх барьж байгаа намын ганц гишүүн нь би. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт өвчнийг урьдчилан сэргийлдэг байх ёстой. Иргэдээ өвчнөөс болж ядууралд оруулахгүй. Дээр нь тогтолцоогоо зөв болгож, өвчтөнөөсөө зугтдаг эмнэлэг биш тосож эмчилдэг эмнэлэг болгох том зорилт тавьсан. Энэ ажлууд эхнээсээ амжилттай хэрэгжээд явж байна. Цаана нь, УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөхөн байна. Гэтэл нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд шүү дээ. Энэ мэт асуудлыг бид ярилцлах л ёстой. Би өнгөрсөн дөрвөн жилд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх л хуульд орж байгаа зүйл, заалтыг хяналаа. Хоёр ч байнгын хороонд харьяалагдаж, Ажлын хэсэг, хуулийн төслүүд дээр ажиллалаа. Сүүлд эмийн Түр хороог ахалж явна. Энэ чинь нэг хүн амжих ажил биш шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх ёстой, төлөөллүүдээ нэмэх ёстой гэж боддог. Салбар бүхэн л эзэнтэй байх ёстой юм.
Эх сурвалж: zindaa.mn