Дэлхий

Тайванийн газар хөдлөлтөд есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртжээ

Нийтэлсэн

Лхагва гарагийн өглөө Тайвань аралд сүүлийн 25 жилийн хугацаанд болоогүй хүчтэй газар хөдлөлт тохиолдсон юм.

7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв цэг тус арлын зүүн эргийн Хуалень хотоос өмнө зүгт 18 км зайтай байв.

Гэхдээ чичиргээ арал даяар мэдрэгдсэн юм. Сүүлийн байдлаар есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна.

Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна.

Газар хөдөлсний дараа хөрш Япон, Филиппин улсуудын зарим арлуудад цүнамигийн түгшүүр зарласан ч сүүлд цуцлагдсан юм.

Хамгийн их хохирол учирсан Хуалень хотод барилгууд нурж, авто болон төмөр замууд хаагдаж, арлын бусад хэсгээс тусгаарлагдаад байна.

Тухайлбал Хуалень хотыг гадаад ертөнцтэй холбодог эргийн нарийн зам хөрсний нуралтад боогджээ. Уг авто замтай зэрэгцээ оршдог Жинвэнь, Чиньшуй хонгилуудын ам бас нурсан байна.

Хонгилуудад хоол хүнс, ундны усгүй түгжигдсэн хүмүүс хэр удаан тэсэх нь тодорхойгүй байгаа юм.

Газар хөдлөлтийн төв цэгээс 100 гаруй километрийн зайд оршдог нийслэл Тайпэй хотод бас байшин барилгууд нурсан байна.

Арал даяар цахилгаан эрчим хүч, харилцаа холбооны шугам тасалджээ.

23 сая хүн амьдардаг Тайвань арлын зүүн хэсгийн уулархаг нутагт Хуалень хот оршдог. Энд хүн амын нягтрал бага, арлын уугуул иргэд голдуу амьдардаг байна.

Түүхийнхээ ихэнх хугацаанд Хуалень орчмын бүс нутаг арлын бусад хэсгээс өндөр уулсаар тусгаарлагдан оршдог байжээ.

1930-аад оны үед арлын захиргаа зам, дэд бүтэц байгуулж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хүрэхэд хэцүү хэвээр байгаа.

Тиймээс гамшгийн дараах аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна.

Япон, Парагвай зэрэг улсууд Тайваньд тусламж үзүүлэх санал тавьжээ. Хөрш эх газрын Хятадын засгийн газар бас тусламж үзүүлэх санал тавьсан байна.

Тайвань аралд хамгийн сүүлд 1999 онд 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 2,400 орчим хүний амь үрэгдэж, 5,000 орчим барилга нурж байжээ.

Эх сурвалж: BBC

Exit mobile version