Нийгэм
Нүүрстөрөгчийг халахад Австрали улс хамтран ажиллах боломжуудыг тэмдэглэв
Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдаж, Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.
Төлөөлөгчид бүс нутаг, дэлхийн хэмжээнд, ялангуяа Энэтхэг Номхон далайн бүс нутагт өрнөж буй үйл явцын талаар санал солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр улсын хоорондын “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, боловсрол, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөгжил, боломжуудын талаар санал солилцсон юм.
2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жил, 2023 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэж, иргэд хоорондын харилцаа бат бөх болохыг онцлон тэмдэглэв.
Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгааг харгалзан Австрали, Монгол хоёр улс “Иж бүрэн түншлэл”- хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа нотоллоо.
Бид цаашид харилцан ашигтай эдийн засгийн хөгжил, төрөлжилтийг эрэлхийлэхийн зэрэгцээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа идэвхтэй байгааг Австралийн тал онцлон тэмдэглэж, нүүрстөрөгчийг халах ажилд хамтран ажиллах боломжуудыг тэмдэглэв.
Боловсролын салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа билээ. Австрали улс энэ жил тэтгэлгээ 50 хувиар өсгөснөө онцолж, цаашдын өсөлтийг бий болгох зорилт тавьжээ.
Австрали улс манай хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах Монгол Улсын энхийг сахиулах үйлсэд тууштай, өргөн цар хүрээтэй үүрэг гүйцэтгэж байгааг сайшаав.
Австрали улс Монгол Улсын Батлан хамгаалах яамыг цэргийн болон англи хэлний сургалтад тулгуурлан чадавхжуулах замаар үргэлжлүүлэн дэмжиж буйгаа онцоллоо.
Цаашлаад төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагаа гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс Агаарын тээврийн хэлэлцээр, Нийгмийн даатгалын гэрээ байгуулах, ажлын болон амралтын визийн хөтөлбөрийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг Австрали тэмдэглэв.
Австрали, Монгол Улстай хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж буй арга барил, амлалтыг Монголын тал сайшааж, Монгол Улсын хөгжлийн зорилт, Австралийн хэрэгжүүлэх арга барил хоорондоо нягт уялдаатай байгааг тэмдэглэв. Мөн төлөөлөгчид хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах амлалтын талаар санал солилцсон юм.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Эх сурвалж: Монгол дахь Австралийн ЭСЯ