Дэлхий
Серби улс Зөвлөлтийн үеийн байлдааны онгоцнуудаа Францын техникээр солих гэж байна
Серби улс Франц улсаас 12 ширхэг Rafael байлдааны нисэх онгоц авах гэрээ байгуулахад ойрхон болсныг тус улсын ерөнхийлөгч Александр Вучич өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр Парис хотод хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой энэ талаар тохиролцож чадсан байна. Вучич бас Францын батлан хамгаалах яамныхан, Rafael нисэх онгоцыг үйлдвэрлэгч Dassault Aviation компанийн төлөөлөгчидтэй уулзсан юм.
Даваа гарагийн орой Макронтой гурван цаг гаруй хугацаанд ярилцахдаа Rafael онгоцнуудыг авах талаар тохиролцоонд хүрснээ Вучич ярьжээ.
Ойрын хоёр сарын хугацаанд Макроныг байлцуулан гэрээг батлах тухай тэр бас мэдээлсэн юм.
Гэрээний үнийн дүнг Вучич дэлгээгүй ч засгийн газартай ойр ажилладаг Сербийн зарим хэвлэл 3 тэрбум евро орчим гэж мэдээлжээ.
Хоёр жилийн өмнө хөрш Хорват улс нэг тэрбум еврогоор 12 ширхэг ижил загварын хуучин онгоц авсны дараа Сербийн эрх баригчид энэ талаар судалж эхэлсэн юм.
Сербийн арми голдуу Зөвлөлтийн үеийн МиГ-29 сөнөөгч онгоцтой, бас Югославын үйлдвэрийн хуучирсан онгоцнуудтай байдаг.
ОХУ нь тус улсын байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгний уламжлалт нийлүүлэгч юм. Хэрвээ Францын үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулагдвал энэ нь Сербийн армийн зэвсэглэлд томоохон эргэлт болно.
Серби улс одоо Европын Холбооны гишүүнчлэлд нэр дэвшигчийн статустай байгаа бөгөөд газар нутаг нь бараг бүхэлдээ НАТО-гийн гишүүн орнуудаар хүрээлэгдсэн юм.
Тус улсын эрх баригчид Москватай найрсаг харилцаагаа хадгалах бодлого баримталж, Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа.
Эх сурвалж: Associated Press