Дэлхий
Германы Канцлер Олаф Шольц ТикТок-д нэгдсэн ч “Уучлаарай, би энд бүжиглэхгүй” гэжээ
Германы Канцлер Олаф Шольц ТикТок-д нэгджээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт өөрийн Х хуудаснаа “Уучлаарай, би ТикТокд бүжиглэхгүй” гэж бичсэн байв.
Шольцийн ТикТок дахь анхны постыг сошиал медиа багийнхан нь хийжээ. Багийн гишүүн эмэгтэй алхаж явахдаа өөрийн пүүзийг харуулан Шольцийн албан өрөө рүү орж, өрөөн дэх буйдан дээр байгаа түүний цүнхийг онилсны дараа камер ширээнийхээ ард инээмсэглэн суугаа Канцлер руу шилжсэнээр дуусав. Харин дараагийн постод Канцлер өөрийн цүнхэнд байгаа зүйлсийг танилцуулсан.
ТикТок нь Хятадын платформ бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын үүднээс Германы Засгийн газар өнөөг хүртэл нэгдээгүй байсан юм.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд ТикТок-ийн постуудыг тусгай гар утаснаас илгээнэ гэж Германы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрайт бямба гарагт Шольцийн БНХАУ-д хийх айлчлалын өмнөх хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Мөн тэрбээр Засгийн газар залуу сонсогчидтой холбогдож, иргэддээ мэдээлэл хүргэхийн тулд тэдний байгаа газарт очиж байна гэж хэлсэн бөгөөд Тикток-ыг Европын мэдээлэл хамгаалах хуулийг мөрдөхийг сануулав.
Шольц ирэх зургаадугаар сарын 6-9-нд болох Европын Парламентын сонгуулийн өмнө илүү олон сонгогчдод хүрэхийн тулд Тикток-д нэгдлээ гэж СNN мэдээлэв.
ТикТок-той холбоотой аюулгүй байдлын асуудлууд яригддаг ч Европын парламентын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор улстөрчид залуучуудын ашигладаг платформыг сонирхож эхэлжээ. ТикТок нь 18-24 насны залуучуудын дунд хамгийн эрэлттэй платформуудын нэг бөгөөд бусад нийгмийн сүлжээтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо нь маш богино хугацаанд өссөн байна.
Ирландын Ерөнхий сайд, Францын Ерөнхийлөгч зэрэг улс төрчид залуу сонгогчдод хүрэхийн тулд ТикТок-д хаяг нээсэн билээ.
Эх сурвалж: CNN