Эдийн засаг

Улсын төсвийн орлого ₮7.7 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өсөв

Нийтэлсэн

Улсын нэгдсэн төсөвт оны эхний улиралд 7.7 их наяд төгрөгийн орлого төвлөрч, өмнөх оны мөн үеэс 51.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 5.7 их наяд төгрөг хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарчээ. Ийнхүү төсвийн тэнцэл сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь I улирлын гүйцэтгэлтэй харьцуулахад ашиг нь нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Төсвийн тэнцэл ашигтай гарахад татварын нийт орлого, тэр дундаа эрдэс бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, зарим төрлийн импорт нэмэгдсэнтэй холбоотой байгаа аж. Үүнээс

  • АМНАТ 88.3 хувиар буюу 532.8 тэрбум төгрөгөөр,
  • НӨАТ 30.9 хувиар буюу 303.8 тэрбум төгрөгөөр,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.1 их наяд буюу 78.7 хувиар,
  • Онцгой албан татвар 114.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Онцгой албан татварыг ангилан харвал дотоодын болон импортын архи, дарс, шар айргийн татвар төлөлт нэмэгдсэн, суудлын автомашины онцгой албан татвар гурав дахин өсөж, 153.3 тэрбум төгрөг хүрсэн зэргийг дурдаж болохоор байна.

2023 онд улсын төсвийн тэнцэл ашигтай гарсан бөгөөд цаашид төсвийн тэнцлийн ашиг хадгалагдах төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банк сүүлийн тайландаа дурдсан юм. Хэдийгээр оны эхний улиралд төсвийн тэнцэл ашигтай гарсан ч дөрөвдүгээр сараас цалин, тэтгэврийг тогтмол хэмжээгээр нэмэгдүүлсэн нь төсвийн урсгал зардлаас үүдэлтэй инфляцыг өдөөх эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байгаа аж.

З.Энхболор

Exit mobile version