Дэлхий

Үерт автсан бүс нутгийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалахыг Путин албан тушаалтнуудад даалгав

Нийтэлсэн

Лхагва гарагт үерийн гамшигт нэрвэгдсэн Сибирь, Уралын бүс нутгийн удирдлагуудтай уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин иргэдийн өмч хөрөнгийг хулгайгаас хамгаалах даалгавар өгчээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Оросын өмнөд хязгаар болон Казахстаны хойд бүс нутагт шар усны үерийн гамшиг үргэлжилж байгаа юм.

Оренбург мужаас эхэлсэн үер энэ долоо хоногт Тюмень, Курган мужуудад шилжиж, Тобол голын усны түвшин оргилдоо хүрээд байгаа.

Зөвхөн Курган мужид 14,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Өчигдрийн хурлын үеэр Тюмень мужийн удирдлага нүүлгэн шилжүүлэх ажлыг зарим иргэд зөрүүдлэн эсэргүүцэж байгаа талаар мэдээлсэн байна.

“Та нар ард иргэдийг буруутгаж болохгүй. Та нарыг нойр хоолгүй ажиллаж байгааг би ойлгож байна. Гэхдээ хүмүүс яагаад нүүхийг хүсэхгүй байгааг бодох хэрэгтэй. Тэд гэр орон, хувийн өмч хөрөнгөдөө санаа зовж байгаа юм” гэж Путин анхааруулаад иргэдийн хувийн өмчийг хулгай, дээрмээс хамгаалахад анхаарахыг даалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт Оренбург хотын иргэд эзгүй орхисон гэр орноос нь эд зүйл хулгайд алдагдсан тухай гомдоллож байсан юм.

Шар усны үерт хамгийн анх нэрвэгдсэн Орск хотын оршин суугчид хохирлыг нь барагдуулахыг эрх баригчдаас шаардсан цуглаан зохион байгуулсан нь ховор үзэгдэл байв.

 

Эх сурвалж: AFP

Exit mobile version