Нийгэм

Эх сайхан орондоо эргэж хурдан төрөөрэй, бурханч дүү минь

Нийтэлсэн

Бурханч лам, зураач, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ганхүүгийн Пүрэвбат гэж энэ хорвоод төрсөн эгэлгүй нэгэн бээр луу жилийн луу сарын луу өдөр бурхны хутагыг олж, дүрст лагшингаа номын агаарт сэлгэлээ. Эгэл атлаа эгэлгүй энэ эрхмийн тухай ойрын өдрүүдэд сошиал ертөнц тэр чигтээ давалгаалж байна. Би ч гэсэн энэ хүний тухайд бичвэр юугаа хуваалцах эрхтэй нэгэн гэж омгорхох юун. Учирлаваас, 2000-аад оны эхэн үе билээ. “Монголын саран ээж” нийгэмлэгээс санаачилсан “Ээжийн 108 суварга” ном анхны хуудсаа дэлгэж, дараагийн ботийг эмхлэх нөр их ажил өрнөж байсан цаг. Тус нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал Д.Лхамсүрэн бээр надад чамгүй олон хүний товч намтар, ажлын тодорхойлолт зэргийг өгч, номын материал болгон бичиглэхийг хүсэмжилсэн юм. Тэр дотор Г.Пүрэвбат ламын маань ээж, “Монголын буянтай ээж, алдарт эх, дархан бэр” Гомбожавын Цолмон гуайн намтар байв. Нэр хүндтэй хүүгийн ээжийн тухай эвлүүлэн бичнэ гэдэг өдгөө бодох нь ээ, хувь тавилан байжээ. Тэр материал нь зүгээр л нэг товч намтар байсан юм. Тэгээд асууж тодруулах юмны тухайд зайлшгүй шаардлага тулгарсан учраас Д.Лхамсүрэн даргаас Г.Пүрэвбат ламын утсыг авч холбогдсон. Тэр бээр маргааш өдрийнх нь нэгэн цагт Гандан орчим дахь гэртээ ирэхийг урьсан билээ. Товлосон цагт нь очлоо, нэлээд хүн ирчихсэн, Солонгос гэргий нь зав чөлөөгүй үйлчилсэн, Г.Пүрэвбат лам маань ч ажил ихтэй байгаа бололтой, тийм нэг дүр зураг угтсан. Харин мань хүн намайг хараад шалмагхан босч ирээд Номын өргөөндөө урьж, миний товчхон асуултад хариулт өгснөөр “Бурхан хүү” төрүүлсэн бурхан ээж” бичвэрээ эмхэлж, 2005 онд хэвлэгдсэн “Ээжийн 108 суварга” номын II ботид орсон түүхтэй.

Түүний ээж Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт 1936 онд хүмүүн биеийг олж мэндэлсэн Гомбожавын Цолмон гуай Өдлөг Баян голоор мал маллан амьдарч байхдаа 1953 онд нутгийн малчин залуу Б.Ганхүүтэй гэр бүл болж, долоон хүү, найман охин төрүүлж өсгөсөн, үнэхээр буянтай ээж байжээ. Одоо олон юм нуршаад яахав. Хүү нь ээжийнхээ тухайд хэрхэн өгүүлснийг толилуулья.

Миний бичвэрт “…Түүний хүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбаттай “Номын өргөө”-нд нь тухлан уулзаж, ээжийнх нь талаар тодруулсан билээ. Тэр бээр яриагаа ийнхүү эхэлсэн юм.

“Мэдээж арван таван хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг ямар амар даваа байхав. Миний аав хүүхдүүддээ бараг гар хүрч үзээгүй, ер нь тоотойхон зандардаг, их дөлгөөхөн хүн. Уур уцааргүй, дуугай хүн болохоор манай нутгийнхан ихэд эмээдэг байсан. Ээж бол ерөөсөө гар дээрээ юм тогтоодоггүй, их өглөгч хүн. Олон хүүхэдтэй айлын хоол том морин тогоонд бялхан байх. Бид өөр өөрсдийн аягыг бариад л оочерлочихно. Ойр орчмын хүүхдүүд мөн ялгаагүй ирээд зогсчихно. Тэгээд юун арван тав, бүр хорь, гучаад хүүхдийг хооллоно. Яг л ясли, цэцэрлэг шиг гэж манай нутгийнхан ярьдаг байсан юм. Бид ямар ч байсан өлсөж, цангаж үзээгүй өссөн дөө. Мөн сурах бичгийн ном тэр бүр худалдаж авдаггүй байлаа. Учир нь, ээж, аав хоёр маань биднийг маш ариг гамтай, цэвэрч нямбай өсгөсөн болохоор ах, эгч нар маань алив бүхнээ маш гамтай эдэлж, дараачийн дүү нартаа уламжлуулан үлдээдэг байсан юм. Харин миний дээр хоёр эгч байсан болохоор надад хувцас ирнэ гэж байхгүй. Шинэ хувцас өмсөх ганц дархан эрхтэй хүн нь би л байлаа.

Миний ээж, аав хоёр дипломгүй л болохоос бараг эмч шахуу хүмүүс байв. Аав маань байгалийн элдэв ургамлыг түүж хатааж нунтаглаад эм бэлдчихнэ. Ээж маань ямар ч өвчин эмгэгийг бариад эдгээчихнэ. Тийм учраас бид нараас эмнэлэгт очиж байсан хүн бараг байхгүй. Одоо ч гэсэн ээж маань нутагтаа уригдаж залагдаад өвдөж, зовсон хүмүүст чадлаараа тусалсаар л байна.

Зундаа хадлан бордоо, ногоо цагаа тарих гээд зөндөө их ажилтай. Энэ нь биднийг багаас нь хөдөлмөрт дуртай болгон хүмүүжүүлсэн том ухаан байжээ. Миний ээж бас сайхан дуулдаг, бүжиглэдэг, юм юмны зах зухтай хүн гэж хэлэхэд нэг их ташаа болохгүй болов уу. Хүүхэд л болсон хойно, бид хааяа жаахан хэрэг төвөг өдүүлнэ ээ. Тэглээ гээд хэзээ ч уурлаж загнадаггүй, харин бүүр өнгөрсөн хойно нь, бүх юмыг мартагнуулж байгаад учрыг нь тайлбарладаг байсан юм. Энэ нь хүүхдийг буруугаа гэмшиж, энэлж шаналж байгаа үед нь сэтгэлд нь нэрмээс болохгүй гэсэн асар том ухаан байжээ” хэмээн тэр бээр ярьсан юм.

Бурхан сэтгэлгээтэй, “Бурхан хүү”-гийнх нь ээжийнхээ тухай ярьсан энэ дурсамжаас Гомбожавын Цолмон гэж ямархан өгөөмөр сэтгэлтэй, чухамдаа хүү шигээ “Бурхан ээж” болохыг мэргэн уншигчид ойлгосон биз ээ.

Сэтгүүлч би бээр ч “Бурхан хүү” төрүүлсэн “Бурхан ээж”-ийн тухай энэхүү тэмдэглэлийг тэрлүүлсэндээ сэтгэл хангалуун байх юун” хэмээн бичиж байсан нь номын хуудаснаа тодоос тодоор тодрон байх нь юутай сайхан билээ.

Хүн гэдэг амьтан, тэр дундаа мань Нум гэдэг нөхөр бол дэндүү хэнэггүй, бас нэрэлхүү, “Дарга гэж далдагнадаггүй, цэрэг гэж ярвайдаггүй” тийм нэг адайр зантай, дийлэнхдээ ядарсан зүдэрсэн хүмүүсийн дунд явсаар хорвоогийн жар гаруй жилийг элээж байна.

Надаас өөр хүн байсан бол Г.Пүрэвбат ламтай “Ах нь ээжийн чинь тухай номонд бичсэн хүн шүү дээ” гээд л хэдэн ч удаа уулзаж, хэдэн ч удаа засал мөрөө тэгшитгэх боломж байсан даа. Даан ч нөгөө л хэнэггүй, нэрэлхүү зан давамгайлсаар өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй явсаар ийм эмгэнэлт явдалтай учирдаг байжээ. Уул нь “Аглагийн хийд”-д ажилладаг байсан, дотны анд, хүүхдийн зохиолч Х.Дэмбэрэл маань намайг эрхэм ламтай уулзуулж болно шүү” гэсэн удаа ч байсан. Би ч өөрөө ариун дагшин тэр сайхан газар очиж л байсан. Тавилан тэр байж дээ. Гэхдээ эрхэм сайхан дүү минь эрхэс тэнгэрийнхээ орноос дорой муу ахыгаа ямагт харж явна гэдэгт итгэл төгс байна даа.

Бурхан төрлийг хэзээний олсон бурхан дүү минь эх сайхан орондоо эргэж төрөх нь дамжиггүй билээ.

Ум маха дэва уба сэга сарва сэдий за!

Бэлтгэл дэд хурандаа, зохиолч, сэтгүүлч, зохиолч Г.Баатарнум

Exit mobile version