Дэлхий
Их Британи улс Украинд хамгийн том зэр зэвсгийн тусламжаа илгээхээр болжээ
Даваа гарагт Их Британийн ерөнхий сайд Риши Сунак дайн эхэлснээс хойших хамгийн том зэр зэвсгийн тусламжаа Украинд илгээх болсныг мэдэгджээ.
Тэрбээр өнөөдөр Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Польш улсад хүрэлцэн очих юм байна. Сунак энд Польшийн ерөнхий сайд Дональд Туск, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг нартай уулзах гэнэ.
Дараа нь тэр Германд айлчилж, канцлер Олаф Шольцтой уулзах ажээ.
Айлчлалаа эхлэхийн өмнө Сунак “Оросын харгис амбицын эсрэг Украиныг хамгаалах нь манай болон бүх Европын аюулгүй байдалд амин чухал юм. Хэрвээ энэ дайнд Путинийг ялахыг зөвшөөрвөл тэр Польшийн хил дээр зогсохгүй нь тодорхой. Украины зэвсэгт хүчин баатарлагаар үргэлжлүүлэн тулалдахад бидний тусламж хэрэгтэй. Энэ багц Оросын эсрэг тулалдахад нь Украинд туслах болно. Их Британи улс үндэсний эрх ашгаа хамгаалж, НАТО-гийн холбоотнуудынхаа талд зогсож, Европын аюулгүй байдлын тэргүүн эгнээнд үүргээ үргэлж гүйцэтгэх болно” гэж мэдэгдсэн байна.
Украинд үзүүлэх тусламжийн шинэ багц нь 3 тэрбум фунт стерлингийн хэмжээтэй байх бөгөөд үүнд 400 хуягт машин, 1,600 хүнд зэвсэг, 4 сая ширхэг сум багтах гэнэ.
Дайн эхэлсэн цагаас хойш Их Британи улс Украинд нийтдээ 12 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлсэн юм.
Үүний 7.1 тэрбум нь зэр зэвсгийн, үлдсэн нь хүмүүнлэгийн болон эдийн засгийн тусламж байжээ. Тиймээс энэ удаагийн багц нь хамгийн томд тооцогдож байна.
Риши Сунакын мэдэгдэл АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим Украинд үзүүлэх $61 тэрбумын тусламжийн багцыг дэмжсэний дараа тохиож байгаа юм.
Сунакын зарласан багцаас гадна Их Британийн батлан хамгаалах яам өөрийн нөөцөөс Украинд зэр зэвсгийн хамгийн том тусламжаа илгээхээр болсон байна.
Яам энэ оны төсвөөсөө гаргах уг багцын мөнгөн дүнг мэдээлээгүй байна.
“Өнөөдрийг хүртэлх хамгийн том энэхүү багц нь ерөнхийлөгч Зеленский болон түүний эрэлхэг ард түмэнд Путинийг хөөж, Европын энх тайван, тогтвортой байдлыг сэргээхэд шаардлагатай зэр зэвсгийг өгөх юм. Украины тэмцлийг дэлхий мартах ёсгүй бөгөөд бидний тууштай дэмжлэгтэйгээр тэд ялах болно” гэж Их Британийн батлан хамгаалахын сайд Грант Шаппс мэдэгджээ.
Айлчлалынхаа үеэр Сунак анх удаа Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Тусктай биечлэн уулзах бөгөөд энэ үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэх гэнэ.
Тэрбээр ирэх оноос эхлэн Польшийн нутаг дэвсгэрт явагддаг НАТО-гийн агаарын эргүүлийн ажиллагаанд өөрийн RAF Typhoon сөнөөгч онгоцны эскадрилийг оролцуулах санал тавих төлөвтэй байна.
Одоогоор Польшийн нутаг дахь цэргийн баазуудад Их Британийн 400 цэрэг байнга байрладаг ажээ.
Эх сурвалж: The Guardian