Дэлхий
Чеченийн Кадыров нойр булчирхайн үхжилтэй болсныг мэдээлжээ
ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров сүүлийн таван жилийн турш нойр булчирхайн үхжилээр шаналж байгаа тухай хараат бус Новая Газета сонины Европ дахь салбар Даваа гарагт мэдээлжээ.
Кадыровын эмчлүүлдэг Москвагийн эмнэлгийн нэрээ нууцалсан эх сурвалжаас уг мэдээллийг олж авснаа дээрх сонин дурдсан байна.
Үүний улмаас Кремлийн эрх баригчид Чеченийн тогтвортой байдлыг хадгалахын тулд Кадыровын залгамжлагчийг бэлтгэх ажлыг эхлүүлсэн гэнэ.
Эмч нар 2019 оны нэгдүгээр сард Кадыров анх нойр булчирхайн үхжилтэй болсныг оношилж байжээ.
Дараа сард нь тэр хувийн шалтгаанаар ажил үүргээ Бүгд Найрамдах Улсынхаа парламентын спикерт түр шилжүүлж байсан юм. Ингэхдээ ямар нэг өвчний талаар дурдаагүй байна.
Новая Газетагийн мэдээлснээр 2022 оны хавраас Кадыровын эрүүл мэнд огцом муудаж эхэлжээ.
Өвдөлтөө намдаахын тулд нойрны эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас уушгины цочмог дутагдалд орсон Кадыров 2023 оны есдүгээр сард Москвагийн Клиникийн Төв Эмнэлэгт нэг сар хэвтэн эмчлүүлсэн байна.
Тухайн үед Кадыровын шадар хүн Адам Делимханов “Өвчин ноцтой нөлөөлж буй тул тэр хуучин шигээ байж чадахгүй болсон. Тэр одоо эдгэрсэн ч үхсэнээс ялгаагүй байх болно” гэж ярьсныг гэрчүүд мэдээлжээ.
Новая Газетагийн мэдээ нийтлэгдсэний дараахан Чеченийн засаг захиргаа Телеграм хуудсандаа Кадыровын засгийн газрын хуралд оролцож буйг харуулсан 4 минутын урт дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Уг бичлэгт харуулснаар тэр биеэ огт хөдөлгөлгүй сууж, яриа нь сул сонсогдож байжээ.
Чеченийн салан тусгаарлагчдын эсрэг Москвагаас явуулсан хоёр дайны дараа 2007 онд Рамзан Кадыров тус Бүгд Найрамдах Улсын төр засгийн тэргүүнээр томилогдож байв. Тэрбээр одоо 48 настай юм.
Эх сурвалж: The Moscow Times