Дэлхий
Оросын шүүх Мета компанийн хэвлэлийн төлөөлөгчид зургаан жил шоронд хорих эчнээ ял оноов
Оросын шүүх АНУ-ын Мета компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоуныг терроризмын хэрэгт буруутгаж, зургаан жил шоронд хорих эчнээ ял оноожээ.
Стоун нь 2022 оны гуравдугаар сард хүмүүсийн Фэйсбүүк, Инстаграм платформд бичсэн Украины нутаг дэвсгэрт халдан довтолсон Оросын эзлэн түрэмгийлэгчдийг шүүмжилсэн утгатай сэтгэгдэлд хориг тавихгүй байх Мета компанийн шийдвэрийг танилцуулж байсан хүн юм.
Үүнийг нь Оросын эрх баригчид олон нийтийг терроризмд уриалан дуудсан үйлдэл гэж үзжээ.
Даваа гарагт Москвагийн цэргийн шүүх Стоуныг “терроризмыг зөвтгөсөн” гэж дүгнээд чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил оноох ялыг эзгүйд нь оноосныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Гэхдээ Стоуны танилцуулсан өөрчлөлт зөвхөн Украины сошиал хэрэглэгчдэд үйлчлэхийг Мета компанийн гадаад бодлого хариуцсан дэд захирал Ник Клегг тухайн үед залруулж байжээ.
Украины дайн эхэлсний дараахан Оросын эрх баригчид Фэйсбүүк, Инстаграм үйлчилгээнүүдийг хориглож, Мета компанийг “экстремист байгууллага”-аар зарлаж байсан юм.
Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг 2022 оны дөрөвдүгээр сараас хойш ОХУ-ын нутагт хөл тавих эрхгүй болоод байгаа.
Эх сурвалж: AFP