Улс төр
Б.Булган 26 жилийн дараа “Элбэгдорж” гэж хэлд орлоо
-Би ганцхан л юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог-
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Женко” Х.Баттулгад ажлаа хүлээлгэж өгөхдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж захиж байсан гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохоос хэдхэн сарын өмнө төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийн сэжүүр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг чиглэсэн гэхэд болно.
Тэртээ 1998 онд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан С.Зориг агсны гэргий Б.Булган бүтэн 26 жилийн дараа хэвлэлд ам нээлээ. Тэрбээр “Би ганцхан л юм хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн талаар хэн, юу гэж ярьсныг хүргэе.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нэг том асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хоёр хүн С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзэв. Ардчилсан Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай болохоор энэ хоёр хүнийг С.Зоригийг алсан гэж хуулийн байгууллага үзэв. С.Зоригийн хэргийг хаахын тулд зохиомол хэрэг яагаад үүсгэв гэдгээ ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэж бодож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн үнэн ээ хэлэх байх. Ц.Элбэгдорж Х.Баттулгад тамга солилцохдоо “Ганцхан С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад нь надад хамаагүй” гэж хэлсэн байдаг.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.БУЛГАН: Би 1998 оноос хойш цагдаа, Ажлын хэсэг гээд бүгдэд нь итгэж явсан. За, илрүүлчих байх. Хийчих байх гэж дандаа найдаж, бодож явдаг байсан. Одоо бол итгэл алдарсан. Тэр 2015 оноос хойш шүү. Энэ хэргийг хаая гэдэг хүн байгаад байна. Хэнд ч хамаагүй тохоод. Би таамаг дэвшүүлмээргүй байна. Би ганцхан юм л хэлнэ. Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог. Нэг юм хэлээд байна аа даа. Би бол хэлж байна гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА: С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин сөхөгдөж, нөгөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг холбогдоод явж байна. Бүтэн 26 жилийн турш зургаан удаагийн сонгуулийн үеэр дандаа С.Зоригийн хэргийг сөхөж ярьсан. Тэгэхээр Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэсэн хүмүүс нэрээ цэвэрлээд, нэрээ татдаг юм уу яадаг юм. Ардчилал гэдэг зүйл чинь энэ хоёр хүнээс болж үгүй боллоо шүү дээ. Эсвэл энэ хоёр АН-аас явлаа гэдгээ хэлээд болих хэрэгтэй.
Хотын дарга асан Э.БАТ-ҮҮЛ: Ц.Элбэгдоржийг С.Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх ч бүр солиорч, цадигаа алдаж байна. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж аргаа барж байсныг тэр үеийн эвсэлийн удирдлага бүгд мэднэ. Ц.Элбэгдорж С.Зориг бид хоёрыг хүртэл “хойш суулаа” гэж уурлаж, шахаж л байсан. С.Зориг Дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх л хүсэлтэйгэж миний хажууд хэлж л байсан. Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг шүү дээ. Надад фракц гэж байгаагүй. Гэтэл С.Зориг алагдсны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм. С.Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Ц.Элбэгдорж уухайн тас аваад л гүйх байсан. Тэр үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ. Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР: С.Зоригийн хэргийг илрүүлэх ёстой. Би Ерөнхий сайд байхдаа хэргийн талаар бодитой мэдээлэл өгсөн хүнийг 500 сая төгрөгөөр шагнах шийдвэрийг хүртэл гаргаж байсан. Харамсалтай нь, С.Зориг 1998 онд алагдсан. Бид 2000 онд тэгж зар тараасан. Хоёр жил алдчихсан байсан. Шалгах ёстой хүмүүсийг нь бүгдийг нь шалгах л ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэрэгт Ц.Элбэгдоржийг холбоотой гэж ярьсан нь өөрөө таамаглал дэвшүүлж байна гэж ойлгосон. Тэр Ц.Элбэгдорж Х.Баттулга Ерөнхийлөгчид ажлаа өгөхдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй” гэж хэлсэн гэдэг үг байна. Тэр үг нь таамаг дэвшүүлэх үндэслэл болж байна гэж ойлгосон.
Эх сурвалж zindaa.mn