Дэлхий

Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн багцыг АНУ-ын Конгресс дэмжлээ

Нийтэлсэн

АНУ-ын Конгрессын дээд танхим Сенат дөнгөж сая Украин, Израиль, Тайвань зэрэг холбоотнууддаа $95 тэрбумын дүнтэй зэр зэвсгийн тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг олонхын саналаар дэмжлээ.

Удахгүй ерөнхийлөгч Жо Байден үүнийг баталснаар хүчин төгөлдөр хууль болох юм.

Хуулийн төслийг Бямба гарагт Конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхим мөн олонхын саналаар дэмжиж байв.

Уг багцад Украинд үзүүлэх $61 тэрбумын тусламж багтаж байгаа.

100 суудалтай Сенат хуулийн төслийг 79:18 харьцаатай саналаар дэмжжээ.

Энэ оны хоёрдугаар сард Сенат үүнтэй төстэй хуулийн төслийг дэмжиж байв. Гэвч үүнийг төлөөлөгчдийн танхим хэлэлцэлгүй удаасан нь Бүгд Найрамдах Намын консерватив хэсэг Украинд нэмж тусламж үзүүлэхийг эсэргүүцсэнтэй холбоотой байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан болон Бүгд Найрамдах Намын төлөөлөгчдийн олонх санал нэгдсэнээр удаан саатсан хуулийн төслийг хэлэлцүүлж чадсан байна.

Төлөөлөгчдийн танхимын дэмжсэн хувилбарт гадаадын түншүүдэд үзүүлэх тусламжаас гадна Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг Украины санхүүжилтэд зарцуулах, Орос, Хятад, Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, ТикТок платформын эзэмшил солигдоогүй тохиолдолд АНУ-ын зах зээлд хориглох зэрэг бусад төслүүдийг нэгтгэсэн юм.

Тиймээс Сенат шинэчлэгдсэн төслийг дахин хэлэлцэж, санал хураажээ.

Украины тусламжийг хэлэлцүүлбэл төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсоныг огцруулах асуудлыг тавихаар Бүгд Найрамдах Намын консерватив фракцын гишүүд сүрдүүлж байсан юм. Тэднийг ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүлж байлаа.

Харин Даваа гарагт тэр радиод өгсөн ярилцлагадаа байр сууриа өөрчилж, зэр зэвсгийн бус хэсгийг буцаан төлөгдөх зээл болгох нөхцөлөөр Украины багцыг шинэчилсэн намынхаа спикерийг магтсан байна.

Сенатад олонх болдог Ардчилсан Намын бүлгийн тэргүүн Чак Шуммер “Манай хоёр намын үзэл баримтлалын нэгдэл энэхүү том бөгөөд хэцүү хуулийн төслийг улс төрийн олон янзын үзэл суртлын саад тотгороос чөлөөлснөөр Конгрессоор дэмжүүлэх нөхцөлийг бүрдүүлж чадлаа” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version