Дэлхий
НАТО яагаад Сувалкийн коридорт цэргийн сургуулилт ЭХЛҮҮЛЭВ?
Литва болон Польш улс НАТО-гийн цэргийн сургуулилтыг Сувалкийн коридорын ойролцоо явуулж байна. Балтийн орнуудыг Польш, НАТО-гийн Европын гол нутаг дэвсгэртэй холбосон 65 км урт нарийхан газар болох Сувалкийн коридорын ойролцоо эхэлсэн батлан хамгаалах зорилготой гэж буй НАТО-гийн цэргийн сургуулилтыг ОХУ-ын Холбооны зөвлөлөөс өдөөн хатгалга гэж нэрлэжээ. Баруунд ОХУ тус газар нутагт хяналт тогтоож, улмаар Балтийн орнуудыг Европын Холбооны бусад хэсгээс тасална гэж түгшиж буйгаа илэрхийлсэн билээ. Гэхдээ Оросын талаас ямар ч аюул занал байхгүй гэж Калининград мужийн сенатор Александр Шендерюк-Жидков мэдэгджээ.
Батлан хамгаалах зорилготой гэж мэдээлж байгаа Сувалкийн коридорын ойролцоох цэргийн сургуулилтад 1500 гаруй цэргийн алба хаагч болон 200 техникийн нэгж оролцож байна. Шинжээчдийн дүгнэж байгаагаар НАТО-гийн энэхүү цэргийн сургуулилт нь тус цэргийн холбооны цэргийн дэд бүтэц зүүн тийш тэлэгдэж байгааг илтгэж байна. Энэ нь Барууны Орост шахалт үзүүлэх стратегийн хэсэг гэж мэргэжилтнүүд үзжээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Александр Шендерюк-Жидков “НАТО-гийн батлан хамгаалах зорилготой гэж байгаа цэргийн сургуулилт нь илт өдөөн хатгалга. Яагаад гэвэл Оросын талаас ямар ч аюул байхгүй. Литва болон Польшийн талаас хийж буй цэргийн сургуулилт нь ээлжит өдөөн хатгалга бөгөөд Оросын талаас эдгээр орнуудад бүхэлд нь, ялангуяа Сувалкийн коридорт ямар ч аюул заналхийлээгүй” гэжээ. Түүний хэлснээр Польш, Литвийн улстөрчид, тэрчлэн генералууд Оросын эсрэг зүйлийг үргэлж дэвэргэж байдаг гэнэ. Сенатор “Энэ бол тэдний хувьд PR бөгөөд хийсвэр “заналхийллийн улмаас” цэргийн төсөв, түүний ач холбогдлыг нэмэгдүүлэх боломж юм. Энэ талаараа Сувалкийн коридор бол чухал хэсэг” гэсэн байна. Барууныхан ОХУ Сувалкийн коридорт хяналт тогтоож, улмаар ийм аргаар Балтийн тэнгисийн орнуудыг Европын Холбооны үлдсэн хэсгээс тасдаж магадгүй гэж санаа зовниж байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн.
Литвийн Зэвсэгт хүчин НАТО-гийн цэргийн сургуулилт эхэлсэн талаар мэдэгдэхдээ “Сургуулилтаар Орос болон Беларусын мужуудын дунд оршдог Сувалкийн сувагт батлан хамгаалах дадлага хийнэ” гэжээ. Тус суваг нь Оросын Калининград болон Беларусын Гродно мужийн дунд оршдог. Сувалкийн коридор гэх энэ зурвас газар нь Оросын эх газраас салангид оршдог Калининград мужийг Беларусын нутаг дэвсгэрээс тусгаарладаг юм.
Литва, Польшийн хамтарсан олон улсын Brave Griffin цэргийн сургуулилт нь хоёр улсын баталсан төлөвлөгөөгөөр 1.5 мянга гаруй цэргийн алба хаагч, 200 техникийн нэгжийг Сувалкийн сувгийн ойролцоо авчирч, батлан хамгаалахын дадлага сургуулилт хийнэ. Литвийн Зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас мөн уг цэргийн сургуулилт дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх талаар мэдээлсэн билээ. Сургуулилтад нисэх хүчин болон АНУ, Португалын цэргийнхэн оролцох аж. Литвийн талаас сургуулилтад агуу Йонас Ходкявичюсын явган цэргийн бригад оролцох юм байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Литва, Польшийн Ерөнхийлөгч нар болох Гитанас Науседа, Анджей Дуда нар энэ долоо хоногт цэргийн сургуулилтыг ажиглана. Тус коридорт цэргийн сургуулилт хийх төлөвлөгөөний тухай Гитанас Науседа эрт буюу нэгдүгээр сарын сүүлчээр Delfi порталд ярилцлага өгөх үеэрээ хэлж байсан юм. Түүний хэлж буйгаар Польшийн Ерөнхийлөгч дэлхийн газар нутгийн энэ хэсэгт хамтарсан цэргийн сургуулилт хийх хүсэлтийг эрч хүчтэйгээр хүлээж авсан байна. Науседатай Вильнюст хийсэн хэлэлцээрээр Дуда Сувалкийн коридорын чухлыг онцолж “Энэ бол онцгой анхаарал шаардах бүс нутаг” гэж онцолжээ. Үүнээс гадна Европын аюулгүй байдлын үүднээс энэ нь өнөөдөр “мэдрэг газар” гэжээ. Ярилцлагадаа Анджей Дуда Польшийн эрх баригчид Сувалкийн коридорыг хамгаалахад онцгой анхаарал хандуулж, улсынхаа зүүн хэсгийн аюулгүй байдлыг хангахын тулд арга хэмжээ авсныг мөн хэлжээ. Тэр дундаа одоо байгаа цэргийн байгууламжийн чадавхыг сэргээж, хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ ангиудыг бий болгож байгаа аж.
Сувалкийн коридорыг хамгаалах шаардлагын талаар Литвийн тал нэг бус удаа мэдэгдсэн билээ. Вильнюсийн зүгээс үзэж буйгаар үүнд Литвад НАТО-гийн бригадуудыг байрлуулах нь нөлөө үзүүлэх аж. Тэрчлэн Польшийн талтай хамтран тус хэсгийг хариуцах үүргээ хуваахын тулд коридорын батлан хамгаалах төлөвлөгөөг гаргажээ. Коридорын хойд хэсгийг Литва хамгаалж, өмнөд хэсгийг Польш хамгаалж болох гэнэ.
Өдөөн хатгалга
Тэгвэл үүнийг шинжээч нар, тэр дундаа Оросын шинжээч нар “НАТО-гийн цэргийн сургуулилт нь Сувалкийн коридорын ойролцоох тус холбооны цэргийн дэд бүтэц зүүн тийш хөдөлж буйг харуулж байна” гээд уг бүс нутгийг хамгаалах ажиллагааны сургуулилт нэрийн дор хүчээ Балтийн тэнгисийн орнуудад удаан хугацаагаар байлгах магадлалтай гэжээ. Бүхэлдээ энэ нь АНУ болон түүний Европын холбоотнуудын Оросыг тогтоон барих стратеги гэх үзэл бодлыг Оросын шинжээч илэрхийлжээ. Түүний хэлж буйгаар Сувалкийн коридор нь Барууны хувьд үнэхээр чухал ч гэлээ Оросын зүгээс учруулах аюулын тухай яриа нь ОХУ-ыг дайсан гэж хүлээж авч, НАТО-гийн цэргийн сургуулилтуудыг тус улсын хилийн ойролцоо нэмэгдүүлэхийг дэмжихийн тулд хийж байгаа зүйл аж.
Калининград мужийг Беларусаас тусгаарлах коридор нь Барууны хамтын нийгэмлэгийн хамгаалалтын системийн хамгийн эмзэг цэг гэнэ. Орос, НАТО-гийн хооронд шууд мөргөлдөөн үүсгэж байгаа энэхүү өдөөн хатгалгыг хийх уриалга Европт улам бүр их сонсогдож байна гэж шинжээч нар тэмдэглэжээ.
Зохиомол айдас
Тэгвэл Оросын Цэргийн шинжээч Алексей Леонков “Баруунд хэдэн жилээр ОХУ өөрийн цэргийн цэргийн сургуулилтынхаа явцад Сувалкийн сувгийг булаан эзлэх гэж байна гэсэн яриа гарсан. Орос сургуулилтынхаа сэдвийг дэлгэж, нуугдмал зүйлийг санал болголгүй, нээлттэй, ойлгомжтой сургуулилт хийж байгаа эсэхээ шалгуулахын тулд гадаадын сэтгүүлчдийг урьсан. Гэсэн хэдий ч энэ нь Сувалки коридорын эргэн тойрон дахь Өрнөдийн ярианд нөлөөлөөгүй” гэв. Барууны албан тушаалтнууд Орос Украинд ялалт байгуулсны дараа ОХУ-ын дараагийн бай нь Европ байх болно гэсэн түүх зохиож байгаа аж. Ийм сэдвийн талаарх таамаглалуудын ихэнх нь Балтийн орнууд болон Польшоос гаралтай гэж шинжээч үзээд “Барууны бодлогод Оросоос эмээх нь гол үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд Сувалкийн коридор болон түүнээс үүдэлтэй айдас нь зүгээр л шалтаг” гэжээ.
Польш-Литвийн төлөвлөгөөнд Калининград мужийг таслах зорилт агуулагдаж байж магадгүй гэж зарим шинжээч ярьж байна. “Тэд бүс нутгийг нийлүүлэх замыг таслахыг оролдож магадгүй юм. Польш, Литвад Калининградыг таслах даалгаврыг биелүүлвэл Сувалки коридор нь Оросын бай болно гэж үзэж байна. Европын Холбоо үүнд яагаад хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг бид ойлгож байна. Энэ нь Орост үзүүлж буй дарамт шахалттай холбоотой юм” гэж Оросын цэргийн шинжээч RT агентлагт өгсөн тайлбартаа хэлжээ.
Хойд Атлантын цэргийн холбоо нь Оросын хилийн ойролцоох сургуулилтын цар хүрээ болон тоог нэмж байгаа аж. Зөвхөн ганц Литва л гэхэд Сувалкийн коридорын ойролцоо НАТО-гийн цуврал сургуулилтыг хийж байгаа аж.
Энэ хавар болон зуны эхлэл нь тусгаар тогтносон Литвийн түүхэнд цэргийн сургуулилтын цар хүрээ болон үе шатны хувьд онцгой байх гэнэ. Нэгэн зэрэг 10 гаруй сургуулилтын үйл ажиллагаа болж, зарим нь давхцаж, зарим нь тусдаа өрнөх гэнэ. Гэхдээ эдгээр нь бүгдээрээ нэг түлхүүр асуудалтай байх аж.