Дэлхий

Европын парламентын сонгууль: Хуурамч мэдээлэлтэй хэрхэн тэмцэх вэ?

Нийтэлсэн

Европын парламентын сонгууль ирэх зургаадугаар сарын 6-9-ны хооронд Европын Холбооны 27 гишүүн оронд болно. Сонгуулийн санал хураалт ойртохын хэрээр худал мэдээлэл болон хиймэл оюун ухааны тусламжтай бүтээж буй контентын асуудал улам бүр хурцаар тавигдаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Европын комисс сонгуулийн шударга байдалд нөлөөлж болзошгүй онлайн эрсдэлүүдийг буруулах тухай зөвлөмжийг дижитал платформуудад хүргүүлжээ.

 

Худал мэдээлэл: Украин ба уур амьсгал

Европын орнуудын сонгуулийг ажиглаж байсан шинжээчид худал мэдээлэл нь ямар ч хэлбэртэй байх боломжтой ба хамгийн түгээмэл нь уур амьсгалын өөрчлөлт, дүрвэгсэд, Украиныг дэмжих асуудалтай холбоотой байдаг хэмээн онцолжээ. Европын сонгуулиудын онцлог нь ихэнх тохиолдолд нөхцөл байдал тухайн орноос шалтгаалдаг гэж Европын дижитал хэвлэлийн судалгааны төвийн дэд захирал Томмазо Канетта ярьж байна.

Мэдээллийн сайтуудын судалгаа хийдэг “NewsGuard” компанийн Герман, Австрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хариуцсан ерөнхий редактор Роберта Шмид ирэх сонгууль хүртэлх хугацаанд Украины дүрвэгсэд болон уул амьсгалын өөрчлөлтийн бодлогын талаарх худал мэдээллүүд давамгайлна гэдэгтэй санал нэг байна. Багагүй тооны худал мэдээлэл хувийн шинж чанартай буюу тодорхой улстөрчидтэй хамаатай байдаг. Шмидийн үзэж буйгаар, хиймэл оюун ухаан давхар эрсдэл үүсгэж байна. Зохиомол худал мэдээлэл урьд нь ч байж л байсан. Гэхдээ эдгээр нь улам бүр боловсронгуй болж байгаа нь асуудал болж байна. Үнэхээр итгэл үнэмшил болохуйц хуурамч дуу бичлэгүүд гарч байна.

 

 

Хиймэл оюун ухаан боловсронгуй болж байгаа ч эдгээрийн бүтээсэн гэрэл зураг, дүрс бичлэгүүд нь бодит үр дүнд хүрэхэд хангалтгүй хэвээр байна.

Хиймэл оюун ухааны зохиосон дуу хоолойг андуурах боломжтой. Энгийн хэрэглэгч тухайн контентыг хэн эсвэл юу бүтээснийг тогтооход хүндрэлтэй гэж Каннета онцолжээ.

 

Хуурамч дуу хоолой

Словакийн 2023 оны сонгуулийн үеэр Дэвшилтэд намын дарга Михал Шимечка хуурамч бичлэгт суурилсан худал мэдээлэл тараах кампанит ажлын золиос болж байлаа. Бичлэгт тэр сэтгүүлчтэй санал хураалтын дүнг гажуудуулах тухай ярьдаг байна. Ийм контентыг худал гэдгийг нь илчлэхийн тулд цаг хугацаа шаарддаг. Тиймээс ийм контент сонгуульд сөргөөр нөлөөлөх талтай гэж Канетта онцолжээ.

Европын ихэнх улс төрийн нам сонгуулийн үеийн ёс зүйн дүрэм баталсан. Үүгээр улс төрийн намууд сонгогчдыг төөрөгдүүлэх контентыг үйлдвэрлэх, ашиглах, түгээн дэлгэрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн.

Шинжээчид сонгогчдод хандан худал мэдээллийг бодит юм шиг дамжуулах чадвартай чатботуудад итгэх хэрэггүй гэж сэрэмжлүүлж байна. Эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг зэвсэг болгон ашиглаж байгаа хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн порно бичлэгүүд ихээхэн түгшээж байна. Үүний хохирогчдын нэг бол Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони. Түүний нүүр царайг порно бичлэгт ашигласны төлөө өмгөөлөгчид нь 100 мянган евро нэхэмжилж байв.

 

Бусдаас өрсөх тоглоом

Дөрөвдүгээр сарын 24-нд Европын комисс мэдээллийн томоохон платформ болон хайлтын системийг оролцуулсан стресс тест явуулжээ. Оролцогчид нь сонгуулийг будлиантуулахад чиглэсэн худал мэдээлэл тараах кампанит ажиллагаатай хэрхэн тэмцэх хувилбаруудыг боловсруулах юм. Тэд мөн өөрсдийн төлөвлөгөө, бодлогоо хуваалцах боломжтой гэнэ.

Үүнтэй зэрэгцэн нийгмийн сүлжээний хэд хэдэн платформ худал мэдээллийн хяналтыг чангатгах талаар арга хэмжээ авч байна. Тухайлбал, Хятадын “Bytedance” компанийн эзэмшдэг TikTok платформ Европын Холбооны онлайн сонгуулийн төвийг байгуулжээ. Ингэхдээ Европын парламентын гишүүдийн 30 хувийг платформ дээр хэдийн танилцуулаад байна. “Бид дэлхий даяар факт чек буюу баримт шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллагатай хамтран ажиллаж байна. Дэлхийн 40 гаруй хэлийг дэмждэг” гэж TikTok сүлжээний төлөөлөгч өгүүлжээ. Тиймээс агуулга нь баримтаар шалгаагүй дүрс бичлэг TikTok сүлжээний “Foryou”-д ордоггүй байна.

 

 

Энэхүү санаачилга гарсны дараахан “Meta” компани сонгуулийн ажиллагааны өөрийн гэсэн төвийг байгуулах тухай зарлажээ. Энэ хүрээнд ирэх тавдугаар сараас эхлэн хиймэл оюун ухааны бүтээсэн контентыг тусгай тэмдэглэгээгээр онцлох гэнэ.

Ройтерс агентлагийн мэдээллээр, “Google” компани мөн Европын Холбооны таван гишүүн улсад худал мэдээлэлтэй тэмцэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд төлөвлөж байна. Энэ хүрээнд тус компани өөрийнх нь “Gemini AI” чатботод тавьж буй сонгуультай холбоотой асуултуудыг хязгаарлаж эхэлжээ.

 

Үл итгэгчид хувирах

Дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн тохиолдолд нийгмийн сүлжээ болон платформд жилийн орлогынх нь зургаан хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Шинжээчид сонгогчдод хандан сэрэмжтэй байж, тухайн мэдээллийн эх сурвалжийг нягталж байхыг уриалж байна. Тэр тусмаа нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ашигладагтай ижил график мэдээлэл бүхий сайт хийхэд хялбар болсон энэ үед.

Мэдээллээ хуваалцахаасаа өмнө контентын эх сурвалжийг нягталж, бусад эх сурвалжуудаас хайлт хийж үзээрэй гэж Канетта зөвлөж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд заримдаа худал мэдээлэл тараах явдал гардаг ч өнөөдөр мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж хэвээр байна. Занганд орохгүйн тулд эрүүл үл итгэгч болоход буруудах зүйлгүй. Хамгийн гол нь үнэний алтан дундыг олох хэрэгтэй гэж шинжээчид зөвлөжээ.

 

Европын парламентын сонгуулийн тухай

Европын парламент 1957 онд Европын хамтын нийгэмлэгийн ассамблей нэртэйгээр байгуулагджээ. Эхэндээ гишүүдийг нь Европын Холбооны гишүүн орнуудын парламентаас томилдог байсан бол 1979 оноос хойш сонгогчид энэ үүргийг хүлээж байна. Түүнээс хойш арав дахь удаагийн сонгууль болох гэж байна.

2024 онд Европын парламентын гишүүдийн тоо 705-аас 720 болж нэмэгдэнэ. Энэ өөрчлөлт нь Европын Холбооны хүн ам зүйн нөхцөл байдал буюу гишүүн орнуудын хүн амын өсөлттэй холбоотой.

 

 

Сонгогчдын сонголтод нөлөөлөх хүчин зүйлс

Европын парламентын сонгуульд өрсөлдөж буй намуудын сурталчилгааны агуулга, гол гол асуудлыг шийдэх арга замаас мэдээж хэрэг шалтгаална. Европчуудын санааг эдийн засгийн нөхцөл байдал хамгийн их зовоож байгаа. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн сөрөг үр дагаврууд, үнийн өсөлт нь мөн европчуудын хувьд том асуудал болоод байгаа билээ.

Дүрвэгсдийн асуудлыг шийдэх санаачилга дэвшүүлсэн улстөрчид өндөр оноо авах магадлал өндөр байна. Үүнийг Итали, Нидерланд, Испани зэрэг хууль бус цагаачлалтай тэмцэх чиглэлээр идэвхтэй дуугарч буй намууд ялсан орнуудын сонгуулийн дүн харуулж байна. Мөн ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл анхаарлын төвд байсаар байгаа.

Exit mobile version