Дэлхий

Колумб улсын армийн зэвсгийн агуулахаас олон сая сум алга болжээ

Нийтэлсэн

Колумбын армийн агуулахаас олон сая сум, хэдэн мянган гар бөмбөг, хэдэн арван пуужин сураггүй алга болсныг тус улсын ерөнхийлөгч Густаво Петро мэдээлжээ.

Саяхан цэргийн баазуудад явуулсан шалгалтын үеэр үүнийг илрүүлсэн байна.

Ерөнхийлөгч Петро үүнийг армийн дотоод авлига, хулгайтай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Колумбын батлан хамгаалахын сайд алдагдсан зэр зэвсгийн араас мөрдөн шалгах ажлыг эхлүүлснээ мэдээлсэн байна.

“Колумб улсын хууль ёсны зэвсгийг зарж, ашиг олдог армийн албан хаагчид болон энгийн иргэдээс бүрдсэн хулгайн сүлжээ олон жилийн турш оршиж байгаа нь үүнийг тайлбарлах цорын ганц арга зам юм” гэж Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Петро мэдэгджээ.

Зэр зэвсгүүд хулгайд алдагдсаныг энэ оны хоёрдугаар сарын 12, дөрөвдүгээр сарын 1-нд Толемайда, Ла Гуахира хоёр цэргийн баазад явуулсан гэнэтийн шалгалтын үеэр илрүүлсэн байна.

Тухайлбал Толемайда баазад бүртгэлтэй зэвсгийн жагсаалтаас 808,000 сум, 10,000 орчим гар бөмбөг дутжээ.

Ла Гуахира баазаас 4.2 сая сум, 9,300 орчим гар бөмбөг, хоёр ширхэг Spike пуужин, 37 ширхэг Nimrod пуужин, 550 гар бөмбөг  харвагч дутсан байна.

Алдагдсан зэвсгүүд Колумбын зэвсэгт бүлэглэлүүдэд, бас Хайти зэрэг улсуудад зарагдсан байж болзошгүйг ерөнхийлөгч хэлжээ.

“Хамгийн эмгэнэлтэй нь алдагдсан зэвсэг манай армийн алба хаагчдын амийг хөнөөх, шархдуулахад зориулагдаж байгаад оршиж байна” гэж ерөнхийлөгч ярьсан юм.

Колумб улсад олон арван жилийн турш зүүний үзэл баримтлалтай партизанууд, үндсэрхэг үзэлтэй зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулж, тэдэнтэй хийсэн тэмцлийн улмаас нийтдээ 450,000 гаруй хүний амь үрэгдээд байгаа.

Армид гарсан хулгайтай холбогдуулан засгийн газрын зарим албан тушаалтнуудыг ажил үүргээс нь чөлөөлөн шалгаж буйг батлан хамгаалахын сайд Иван Веласкез өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Ойрын үед бусад цэргийн баазуудад шалгалт оруулахаар төлөвлөснийг тэр бас зарласан юм.

Колумбын арми нь бүс нутагтаа хамгийн сайн зэвсэглэлтэйд тооцогддог. Хар тамхины картельтай тэмцэхэд нь зориулж АНУ-ын засаг захиргаа энэ улсад олон тэрбумын тусламж үзүүлдэг юм.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version