Нийгэм

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалахыг уриалав

Нийтэлсэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран өчигдөр зохион байгууллаа.

Сургалтад өдөр тутмын сонин, сайт, телевизийн сэтгүүлчид оролцсон бөгөөд дараах сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцав.

Тодруулбал

  • Хүүхдийн эрхийн талаарх олон хэм хэмжээ, Монгол Улсын хэм хэмжээ
  • Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн талаар мэдээллийг хамгаалах нь
  • Хүүхдийн эрхийн асуудлыг ёс зүйтэй мэдээлэх нь
  • Хохирогч хүүхдийн сэтгэл зүйн онцлог хэрэгцээ, хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зүгээс хүүхдийн талаар мэдээ, мэдээлэл бэлтгэх, сурвалжлахдаа хүүхдийн дээд эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх талаар онцгойлон хэлэлцлээ.

Мөн хүүхэдтэй холбоотой аливаа мэдээ, мэдээлэл бэлтгэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдээс заавал бичгээр зөвшөөрөл авсан байх, хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн өнцгөөс хандах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн талаарх мэдээллийг хамгаалах зэргийг онцгойлон дурдлаа.

Түүнчлэн, хэвлэл мэдээллийн салбарын ёс зүй, соёл, “PR”-аас хүний эрхэд суурилсан хандлага руу шилжих талаар болон Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны хамгааллын талаарх шинэ зохицуулалтыг үйл ажиллагаанд тусган мөрдөх, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажиллах зэрэг олон асуудлын талаар хэлэлцлээ гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.

Exit mobile version