Дэлхий
98 настай эмэгтэй Оросын цэрэгт эзлэгдсэн Украины нутгаас дүрвэхдээ 10 км замыг ганцаараа явган туулжээ
Өнгөрсөн долоо хоногт Донбасын Очеретин тосгон Оросын цэрэгт эзлэгдэх үед 98 настай Лидя Степановна Ломиковскагийн гэр бүл Украины хяналтад байгаа нутаг руу дүрвэхээр шийджээ.
Дайны гал дундуур дүрвэх үеэр тэр гэр бүлийнхээ бусад гишүүдээс төөрч салсан байна.
Ломиковска гуай өөр замаар явсан бол хүү, хоёр бэр нь тусдаа зам сонгожээ.
Тэгвэл хэд хоногийн дараа 10 км замыг ямар ч хоол ундгүй, таяг, гэрийн шаахайтай туулсан 98 настай эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадсан байна.
Тэрбээр замдаа хоёр ч удаа унаснаа ярьжээ.
“Нэг удаа би тэнцвэрээ алдаж, шарилж дунд унасан. Тэнд би бага зэрэг унтчихаад цааш алхлаа. Би буун дуунаар сэрсэн. Хаа сайгүй сум исгэрч, маш аймшигтай байлаа. Дараа нь хоёр дахь удаагаа унасан. Гэхдээ би удалгүй босож, бага багаар алхсаар байлаа” гэж өндөр настан ярьсан байна.
Түүнийг фронтын шугамаас дүрвэсэн иргэдэд туслах “White Angels” байгууллагынхан халамжилж, гэр бүлийнхэнтэй нь холбож өгчээ.
Ломиковска гуай дэлхийн хоёрдугаар дайныг биеэр туулсан хүн юм.
“Би тэр дайныг эсэн мэнд давсан ч эцэст нь юу ч үгүй хоосон хоцорсон. Тэр дайн энэ дайнаас өөр байлаа. Тэр дайнд ганц ч байшин шатаагүй. Гэтэл одоо бүх зүйл шатаж байна” гэж тэр ярьжээ.
Украины томоохон банкны гүйцэтгэх захирал өчигдөр Ломиковскад шинэ байшин худалдаж авч өгөхөөр болсноо Телеграм хуудсандаа зарласан байна.
“Лидя Степановнад бид шинэ байшин худалдаж авч өгнө. Энэ жигшүүрт цаг үе манай газар нутгаас алга болох хүртэл тэр шинэ байшиндаа амьдрах нь гарцаагүй” гэж Монобанкны гүйцэтгэх захирал Олег Хороховский мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press