CRI Монгол радио

“Майн баяр” Хятадын эдийн засгийн эерэг хандлагыг харууллаа

Нийтэлсэн

“Майн баярын аялал жуулчлалын зах зээл эрчимтэй хөгжлөө”, “хэрэглээний олон үзүүлэлтүүд шинэ дээд амжилт тогтоосон”… Саяхан өнгөрч буй тавдугаар сарын Майн баярын хөл хөдөлгөөн ихтэй байдал олон улсын олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Майн баярын үеэр Хятадын хэрэглээний зах зээлийн эрч хүч Хятадын эдийн засаг сайжирч байгааг гэрчиллээ гэж Японы Нихон Кэйзай Шимбун зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Хятадаас гаргасан албан ёсны тоо баримтаас үзвэл, энэ оны Майн баярын үеэр Хятад улсын дотоодоо аялсан жуулчид давхацсан тоогоор нийт 295 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.6%-иар нэмэгдэж, аялал жуулчлалын нийт зардал 166 тэрбум 890 сая юань болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.7% нэмэгдсэн байна. Үүнд хөдөө орон нутгийн онцлогтой аялал, алдартай хотуудад шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, үндэсний онцлог буй соёлтой танилцах зэрэг нь энэ оны амралтын аялах шинэ онцлог болж, Хятадын оршин суугчдын хэрэглээний эрэлт хэрэгцээг улмаар дайчилж чаджээ.

Үүний зэрэгцээ, агаарын шугам сэргэж, хилээр нэвтрэх арга барилыг хялбарчилсан, харилцан визгүй зорчих бодлого хэрэгжүүлсэн зэрэг нь гадаадын жуулчдыг олноор татаж Хятадын гарч орох аялал эрчимтэй сэргэсэн байна. Тоо баримтаас харахад, Майн баярын хугацаанд Хятадын жуулчид дэлхийн 1000 гаруй хотуудаар зочилж, дэлхийн хэрэглээг сэргээхэд түлхэц үзүүлжээ. Ялангуяа Хятад улстай харилцан визгүй зорчих улс орнуудаас орж ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Тавдугаар сарын баярын үеэр Хятадаас Сингапур руу нисэх онгоцны тийз захиалсан тоо хоёр дахин нэмэгдсэн бол саяхан Куба улс Хятадын иргэдийг визгүй зорчуулах болсноо зарласны дараа Хятадын аялал жуулчлалын платформ дээр Кубын зочид буудал, онгоцны тийзийн хайлт өдөрт 40 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ нь орон нутгийн болон Латин Америкийн аялал жуулчлалыг дайчлах “шинэ боломжуудыг авчирна” гэж Кубын Аялал жуулчлалын сайд Гарсиа үзэж байна.

Эдгээр үзүүлэлтийн ард олон талын хүчин чармайлт бий. Он гарснаас хойш Хятад улс хэрэглээг дэмжих цуврал бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хятадын Худалдааны яам мөн энэ оныг “Хэрэглээг дэмжих жил” болгон зарлаж, олон талын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ нь хүмүүсийн олон төрлийн, чанартай хэрэглээний шаардлагыг хангаад зогсохгүй Хятадын хэрэглээний зах зээлийн дотоод хүчийг улам идэвхжүүлж байна. Тухайлбал “Цас мөсний эдийн засаг”-аас “Шинэ жилийн эдийн засаг”, “Цэцэг модны эдийн засаг”-аас “Баяр наадмын эдийн засаг” гээд Хятадын хэрэглээний зах зээл шинэ нөөц хүчнийг нээж байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад, хэрэглээ нь эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлтөд 73.7 хувийн хувь нэмэр үзүүлсэн байна. Хятад улс ирээдүйд шинэ хэлбэрийн хэрэглээг хөгжүүлэхийн хэрээр дижитал хэрэглээ, ногоон хэрэглээ, эрүүл мэндийн хэрэглээ зэрэг шинэ хэрэглээний зах зээл нь өсөлтийг авчирч, дэлхийн эдийн засгийн хөгжил ч шинэ эрч хүч авчрах болно.

Баяр наадмын эдийн засаг бол Хятадын эдийн засгийг ажиглах чухал цонх юм. Майн баярын үеэр хэрэглээний олон тоо баримт төсөөлж байснаас давж, Хятадын эдийн засгийн чадавхи, эрч хүчийг онцолж байна. Сүүлийн үед олон улсын байгууллагууд Хятадын эдийн засгийн бүтэн жилийн өсөлтийн талаарх таамгаа эрчимтэй өсгөж байна. Хятад улс 2024-2025 он гэхэд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн 46%-ийг бүрдүүлнэ гэж Азийн хөгжлийн банкны тооцоолжээ. 2024-2029 он гэхэд дэлхийн эдийн засгийн шинэ үйл ажиллагааны 21 орчим хувийг Хятад улс мөн бүрдүүлнэ гэж АНУ-ын Bloomberg таамаглаж байна.

Үүний зэрэгцээ илүү нээлттэй, өндөр чанартай хөгжиж буй Хятад улс дэлхийн зах зээлд үр ашиг авчирч байна. 5-ны өдөр өндөрлөсөн Гуанжөүгийн 135 дахь яармагт 50 улс, бүс нутгийн 680 компани импортын үзэсгэлэнд оролцож, шинэ дээд амжилт тогтоосон байна. Олон улсын нэр хүндтэй олон компаниуд ухаалаг үйлдвэрлэл, өндөр чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ энд дэлгэн үзүүлж, хамтран ажиллах талаар дэлхийн худалдан авагчдыг ихээр татсан юм. Гуанжөүгийн 135 дахь үзэсгэлэн яармаг нь бидэнд Хятадын боломжуудыг хуваалцах, дэлхийн зах зээлийг судлах үнэ цэнэтэй индэр хангасан төдийгүй Хятадын эдийн засгийн нээлттэй байдал, эрч хүчийг биечлэн мэдрэх боломжийг олголоо гэж үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа.

Үндэстэн дамнасан компаниудын удирдах албаны хүмүүс Хятадад ойр ойрхон айлчилж, үзэсгэлэн худалдаанд оролцох, үйлдвэр байгуулах зорилгоор гадаадын компаниуд Хятад уруу цуварсаар байгаа нь Хятадын зах зээлийн татан хүчин, мөн Хятадын эдийн засаг сэргэж, урт хугацааны үндсэн эерэг хандлага өөрчлөгдөхгүй байгааг харуулж байна. “Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байх болно” гэж Олон улсын валютын сангийн ерөнхийлөгч Георгиева хэлжээ.

Exit mobile version