Эдийн засаг
Судлаачид төсвийн хөрөнгө оруулалтын талаарх зөвлөмж хүргүүллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлаар Нээлттэй Нийгэм Форумаас хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн мэргэжилтнүүд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, тус зөвлөлийн гишүүд, Төрийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах газрын дарга, мэргэжилтнүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Төсвийн байнгын хорооны төлөөллүүд, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх, референтүүд, Сангийн яам, ХЗДХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, БШУЯ зэрэг яамдын Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, мэргэжилтнүүд болон ЦХХЯ-ны Санхүүгийн хэлтсийн төлөөллүүд, Үндэсний Аудитын газраас аудиторууд болон судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын 60 гаруй төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд “Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв” ТББ-ын судалгааны багийн судлаач С.Баттулга Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар тус байгууллагаас хийсэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” судалгааны дүнг танилцуулаа.
Судалгаагаар 2017-2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг авч үзэхэд төсөл анх төлөвлөсөн хугацаандаа дуусахгүйгээр олон жил дамжин шилжих тохиолдол их гардаг байна. Ийнхүү удаашрахад тухайн төслийг гүйцэтгэгч өөрөөс хамааран хугацаандаа ажлаа дуусгаагүй, санхүүжилт хугацаандаа олгогдоогүй зэрэг шалтгаан түгээмэл нөлөөлсөн хэдий ч анхнаасаа төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг буруу хийсэн, зураг төсөл, газрын зөвшөөрөл нь шийдэгдээгүй төслийг улсын хөрөнгө оруулалтын төсөвт тусган баталсан зэрэг нь тухайн төсөл хугацаандаа хэрэгжихгүй, он дамжин шилжихэд хүргэж байна хэмээх судалгааны баг дүгнэжээ.
Судлаачдын зүгээс хууль тогтоогч нар болон Засгийн газарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Төсвийн тухай хууль болон “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хэлбэрэлтгүй мөрдүүлэх;
Эх үүсвэр үл хамааран улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй төсөл, арга хэмжээг жилийн төсвийн төсөлд тусгахгүй байх;
Хэрэв гурваас илүү жил шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ, барилга байгууламж ирэх жилийн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний төлөвлөж буй жагсаалтын 50-иас илүү хувийг эзлэхээр байвал батлагдах жагсаалтад шинэ төсөл, арга хэмжээ, барилга байгууламж тусгадаггүй байх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тусгах;
Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд гэрээгээр биелүүлсэн үүргээ гүйцэтгээгүй, ажлаа цаг хугацаандаа дуусгаж чадаагүй гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулах, хар жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэх, тухайн гүйцэтгэгчээр дахин ажил гүйцэтгүүлэхгүй байх, үлдсэн ажлыг өөрийнх нь хөрөнгөөр дуусгуулах зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тусгах;
Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтөөс эхлээд гүйцэтгэж дуусах хүртэл бүхий л үе шатыг хамарсан цахим хувийн хэрэг нээж, олон нийтэд ил тод болгох замаар олон нийтийн хяналтад оруулах;
Холбогдох хууль, журмыг зөрчсөн албан тушаалтанд зохих арга хэмжээг заавал авах, хүлээх хариуцлагыг чангаруулах зэрэг болно.
Хэлэлцүүлэгт Судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусаагүй боловч Улсын Их Хурлаас нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүд” судалгаа, судлаач Т.Тамир “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээ”-г тус тус танилцуулсан юм.
Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулахын тулд бодлого боловсруулагчдын зүгээс дараах асуудалд анхаарах хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо. Үүнд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын эрэмбэ, дарааллыг тогтоох, эрэмбийг ил болгох;
Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төлөвлөлт хийхдээ ойрын хугацаанд ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай байгаад анхаарах;
Төсвийн тухай хууль, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам” зэрэг төсвийн холбогдох хууль, журмыг зөрчсөн төрийн албан хаагчдад ямар арга хэмжээ авахыг тодорхой болгох;
Төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдэд хараат бус экспертүүдээс бүрдсэн багаар хөндлөнгийн үнэлгээ хийдэг болох. Үүний дараа төслийн ач холбогдлын эрэмбийг тодорхойлох;
Төсвийн тухай хуульд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах, тухайлбал, хэлэлцүүлгийг салбар бүрээр явуулах, байнгын ажиллагаатай санал авах цахим хуудас, шуурхай утас ажиллуулах зэрэг заалтуудын хэрэгжилтийг хангах;
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр ба жилийн төсвийн төлөвлөлтийн уялдааг хангах;
Үр дүнд суурилсан төсөвлөлтийг Засгийн газар бодитой хийх;
Ижил хүчин чадалтай хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжих хугацаа уртсах тусам төсөвт өртгийн өөрчлөлт ихээхэн зөрүүтэй өсөж байгааг анхаарах;
УИХ-аас төсөвлөлтийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийг баталсан тохиолдолд хүлээх хариуцлагыг чангатгах зохицуулалтыг Төсвийн тухай хуульд оруулах;
Улс орны хэмжээнд ямар асуудлыг шийдвэрлэсний дараа дараагийн шатны сайжруулалтыг Төсвийн ерөнхийлөн захирагчид хийж болох талаар хязгаарлалтуудыг бий болгох. Жишээлбэл, улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийг 2 ээлжтэй болгосны дараа Төсвийн ерөнхийлөн захирагчид өөрийн орон нутаг дахь сургуулийг 1 ээлжтэй болгох асуудлыг дэвшүүлэх гэх мэт;
Төрийн албан хаагчдын санхүүгийн болон төслийн менежментийн ур чадварыг дээшлүүлэх;
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтийг сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн зүгээс хүргүүлсэн саналыг хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг өгдөг байх зэрэг болно.