Нийгэм

“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна

Нийтэлсэн

“Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэн X дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

АЙДАХОТ буюу Гомофоби, бифоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийн тухай:

1990 оны тавдугаар сарын 17-ны энэ өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг албан ёсоор сэтгэцийн эмгэгийн тооноос хассан нь ЛГБТИК+ хөдөлгөөний хувьд чухал түүхэн өдөр болж үлдсэн юм. Хожим 2004 онд НҮБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тэмдэглэлт өдрүүдийн нэг болгон бүртгэж дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Монголын хувьд 2011 оноос эхлэн АЙДАХОТ-ыг жил бүр өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаар үнэн, бодит, шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл өгч, хүний эрхийг хүндэтгэх, хөхиүлэн дэмжих соёлыг бий болгож байна. 2014 оноос эхлэн ЛГБТ Төв маань “Эрхийн төлөө урлаг” стратеги чиглэлийг эхлүүлснээс хойш жил бүр АЙДАХОТ өдөрт зориулсан уран бүтээлийн уралдааныг зарлаж, ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, томоохон галлерейтэй хамтарч дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж иржээ.

ЛГБТ Төвийн “Эрхийн төлөө урлаг” стратеги чиглэл нь урлагаар дамжуулж хүний эрхийг хөхиүлэх бүхий л үйл ажиллагааг дэмжих, ЛГБТИК+ сэдвээр төрөл бүрийн уран бүтээл туурвихыг дэмжих, күийр уран бүтээлчдийг сэдэлжүүлэн дэмжиж тэдэнд зориулсан орон зайг бий болгох алсын хараа бүхий санаачилга юм. Энэ жилийн АЙДАХОТ өдөрт зориулан “Эрхийн төлөө урлаг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 17-ноос эхлэн 10 хоногийн турш олон нийтэд нээлттэйгээр толилуулах гэж байна. Таны уран бүтээл зөвхөн урлагийн нэг хэсэг болоод зогсохгүй амьдарч буй нийгэм, улс төр, соёлын бодит дүр зургийг соргогоор харж бүтээлчээр шүүмжлэхийн сацуу эерэг өөрчлөлт авчрах, бусдад хайрлах бас бахархах сэдэл төрүүлэх хүчийг өөртөө агуулсан маш том зэмсэг билээ.

Хаана: Бльюмон төвийн Norphei галерейд

Хэзээ: Тавдугаар сарын 17-26-нд

Үзэсгэлэнгийн талаар сонирхсон асуулт болон ЛГБТИК+ эрхийн асуудлаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЛГБТ Төвтэй 70110323 утсаар эсвэл info@lgbtcentre.mn цахим хаягаар холбогдож авах боломжтой.

Exit mobile version