Дэлхий
Москвагийн Ялалтын баярын парадад “Стан” улсууд, Куба, Лаос, Гвиней-Биссау улсын удирдагчид оролцоно
Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотын Улаан талбайд дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын парад зохион байгуулагддаг уламжлалтай.
Гэхдээ Оросын эрх баригчид Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буйн улмаас гадаад орнуудын төрийн тэргүүнүүд уг арга хэмжээнд оролцох нь эрс багасаад байгаа.
Энэ жилийн парадад дэлхийн найман улсын төрийн тэргүүн оролцохыг ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков өчигдөр мэдээлжээ.
Тэдгээр нь Төв Азийн таван “стан” улс буюу Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан, Туркменистан болон Куба, Лаос, Гвиней-Биссау юм байна.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар Ялалтын баярын парадад оролцохоор болжээ.
Эдгээрээс гадна Кубын ерөнхийлөгч Мигуэл Диаз-Канел, Лаосын ерөнхийлөгч Тонлоун Сисоулит, баруун Африкийн Гвиней-Биссау улсын ерөнхийлөгч Умаро Сиссосо Эмбало оролцохыг Ушаков мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны Ялалтын баярт оролцож байсан Арменийн ерөнхий сайд Никол Пашинян энэ удаа оролцох боломжгүйгээ урьдчилан мэдэгджээ.
Цар тахлын оргил үе буюу 2021 онд болсон Ялалтын баярт гадаадын төрийн тэргүүнүүдээс зөвхөн Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон оролцож байв.
Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлээд удаагүй байсан 2022 оны Ялалтын баярт гадаадын ганц ч төрийн тэргүүн оролцоогүй юм.
Эх сурвалж: Radio Free Europe