Улс төр

“Женко”-г хүлээж буй хавтастай, хавтасгүй хэргүүд

Нийтэлсэн

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөгжлийн банк, төмөр замын гэх мэт олон хэрэгт татагдаж магадгүй учраас хүчээ зузаалж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг тойрог бүрд нэр дэвшүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар “Женко” нийслэлээс Хан-Уул, орон нутагт нэг, дөрөвдүгээр тойргийн схемийг зурж байгааг эх сурвалж хэлж байна. Говийн бүсэд гэхэд хувийнх нь гэж болох сэтгүүлч өрсөлдөхөөр гороолж явна. Эдгээр нөхөд бол түүний өдүүлсэн хэргийн улаан хамгаалагч, үг хүсэл нь байхаас өөр юу гийгүүлэх билээ гэдгийг ч ойлгох хэрэгтэй.

Түүний өөрийнх нь төлөвлөж байгаагаар бол парламентад олон суудал авч, болж өгвөл Засгийн газарт өөрийн гар хөлөө олноор шургуулах ихээхэн том мөрөөдөл тээж байгаа бололтой. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгч бол бурхны суудал. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эргэж улс төрд ноцох хэрэггүй” гэж байв. Гэтэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр улс төр рүү байнгын эргэж ноцож байгаагийн цаана томоохон эрх ашиг бий. Эрх ашиг гэхээсээ илүүтэй өдүүлсэн хэрэг, томоохон айдас байна гэсэн үг.

Хэрвээ Х.Баттулгын энэ мөрөөдөл нь бүтэлгүйтэх юм бол тэр Монгол Улсаас зугтахаас өөр аргагүй олон хэрэг өдүүлсэн хүн. Оргож зугтааж явсан арвин туршлага ч бий.

Тэрбээр 1997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт оруулж ирсэн нь тогтоогдон, эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаад Сингапур руу оргон зайлсан. Ийнхүү хилийн чанадаас 17 чингэлэг спиртыг ус болгож, ямар ч ял зэмгүй Монголд буцаж ирсэн түүх өчигдөрхөн мэт халуунаараа аж. Хорь гаруй жилийн өмнөх тэр л дурсамжит замаараа аялах ч болж магадгүй. Түүнийг хавтастай, хавтасгүй хэргүүд хүлээж байгаа.

Юуны өмнө түүнд холбогдох “Төмөр замын хэрэг” хавтастайгаа бэлэн байгаа. Мөрдөн байцаах газар, АТГ, прокурор ч юм уу, аль нэг газрын сейфэнд байна. Тодотгож хэлбэл мөрдөж шалгаад бэлэн болчихсон хэрэг эзнээ хүлээж байгаа болов уу. Нэгэнт шүүх хүчний байгууллагаас мөрдлөг шалгалт явуулаад цэгцэлчихсэн хавтаст хэргийг Ерөнхийлөгч байсан ч бүр мөсөн устгуулж чадаагүй байх. Ёстой л эзнээ хүлээж байгаа нь ойлгомжтой. “Хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэдэг дээ. Сүүлийн үед олон нийтийн хандлага ч ноцтой хэрэг өдүүлсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг яагаад шалгаж мөрдөхгүй байгаа юм гэх хүлээлт үүсчээ. Төмөр зам барих нэрээр 280 сая ам.доллар “алга болгосон” нөхрийг зүгээр өнгөрөөнө гэж үгүй. Монголын шүүх, цагдаа өчигдөр шалгаж, нотолж байсан бодит зүйлээ өнөөдөр үгүйсгэхгүй нь ойлгомжтой. Нам төрийн өндөр дээд албан тушаалтнууд баримт дэлгэн ярьж байсан зүйлээсээ өнөөдөр буцахгүй. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан төмөр замын гэх гэмт хэргийг шалгахгүй байгаагийн цаана ямар шалтгаан байна вэ гэх зэргээр олон нийт буруутгаж байна. Тэр тусмаа түүний өдүүлсэн гэх төмөр замын хэрэг бол маш тодорхой зүйл гэдгийг 2017 онд эрх баригч намын хариуцлагатай албан тушаалтнууд баримт дэлгэн удаа дараа харуулж байсан. Холбогдох байгууллагууд ч мэдээлэл өгч байлаа.

Өнгөрөгч 2015 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээвэр, хөгжлийн сайд асан А.Гансүх нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдгийг хүн бүр санах байх. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Х.Баттулгын эзэмшил бүхий “Баянгол” зочид буудалд гэнэтийн шалгалт хийн, Х.Баттулга өөрийгөө жудочдоор хамгаалуулж байв.

Тухайн үед чухам ямар шалтгаанаар Х.Баттулгыг баривчлан шалгаагүй юм. Монголын цагдаа, тусгай хүчнийхэн хэдэн жудочдоос айна гэж байхгүй. Үүний цаана ямар нэгэн тохиролцоо явсан байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүнд одоогийн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр байдаг.

Энэхүү хэрэг шалгагдаж байх үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж, уг сонгуульд Х.Баттулга амиараа дэнчин тавьж ороод ялалт байгуулсан. Юу юугүй “Дээлээ нөмрөх” гэж байсан нөхөр ийнхүү ард түмний өндөр их итгэл дор ялаас мултарч байв. Эрх мэдлийн өндөр индэрт заларсан учраас түүнд холбогдох хэргийг 2017 оны есдүгээр сард хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулсан.

Удалгүй Зам, тээврийн хөгжлийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Уг нь 280 сая ам.долларыг төмөр зам барих нэрээр аваад далан шороо босгосон хүн. Энэ мөнгө бол өнөөдрийн ханшаар бол нэг их наяд гаруй төгрөг

Нөгөө талаар Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр өөрийн эзэмшил бүхий компаниудад ихээхэн хэмжээний мөнгө татсан байдаг. Үүнийг ч шалгах хэрэгтэй. Мөн өдгөө ид дуулиан болж байгаа Хөгжлийн банкны асуудлаас тэр яагаад ч тойрох хүн биш.

“Хаана хөрөнгө мөнгө байна, тэнд явж байдаг” хэмээн Ц.Нямдоржийн хэлсэн үг оргүй зүйл биш. Тэгвэл саяхан болж өндөрлөсөн “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн, шадар туслахаар нь олон жил ажилласан Ц.Ууганбаяр гэж хүн түүгээр дэмжүүлэн 142 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй ч шүүх дээр барьцаагаа суллуулсан гэх баримтыг ч дэлгэж л байсан. Үүнээс гадна өөрийнх нь тэргүүлсэн МоАХ-ны гишүүд “Х.Баттулга Ардчилсан холбооны байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад газар авсан, өөр зориулалтаар ашигласан. Тэр МоАХ-ны гишүүдэд зориулсан орон сууцны хороолол босгоно гэсэн ч арилжааны чиглэлийн хороолол босгосон. Байр банкны барьцаанд байгаа” гэдгээ хэвлэлээр зарлаж л байсан. Түүнд хөрөнгө мөнгөтэй холбогдох асуудал мөн ч олон байгаа. Ямартай ч түүнд холбогдох хавтастай, хавтасгүй хэрэг цөөнгүй гарч ирэх нь тодорхой. Хавтасгүй гэдэг нь мөрдөж бэлэн болгоогүй, сөхөгдөх магадлалтай гэсэн үг. Хавтастай гэдэг нь мөрдөж шалгаад бэлэн болгочихсон хэрэг гэсэн үг юм.

Энэ мэт хэрэг өдүүлсэн хүн өөрийгөө хамгаалах гэж үйлээ үзэн, энд тэндгүй өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэхийг зорьж байна. Энэ бүхний цаана асар их хөрөнгө гарна. Нэр дэвшигч бултаараа хөрөнгө мөнгөөр хахаж цацсан хүмүүс биш. Энэ бүрийн цаана хөрөнгө мөнгөний зузаатгал хийж байгаа хүн нь Х.Баттулга байж таарна.

Эх сурвалж: С.Ууганбаяр zindaa.mn https://news.zindaa.mn/4uui

Exit mobile version