CRI Монгол радио
Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно
БНХАУ-д төрийн айлчлал хийхийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Синьхуа агентлагт ярилцлага өгөв. Тэрээр, Орос, Хятад эдийн засаг, хүмүүнлэг соёлын салбарын тэгш голч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар хоёр орны хөгжил цэцэглэлтийг ахиулна. Дипломат бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, голч шударга, олон туйлт дэлхийн дэглэмийг дэмжинэ. Үүгээр дамжуулан Орос, Хятадын шинэ цаг эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн сайн сайхан хэтийн төлөвийг тогтооно гэжээ.
Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятадын ард түмэн өнө удаан жилийн гүн зузаан найрамдал, хамтын ажиллагааны уламжлалтай нь хоёр талт харилцааны чухал үндэс суурь болдог. Хоёр талын харилцаа эдүгээ түүхэн өндөр түвшинд хүрлээ. Хэдийгээр олон улсын нөхцөл байдал маш хүнд байгаа ч манай хоёр орны харилцаа тасралтгүй эрчимжсээр байна. Сүүлийн таван жилд хоёр орны худалдааны хэмжээ хоёр дахин өсөн нэмэгдлээ. Хятад улс 13 жил дараалан Оросын гадаад худалдааны хамгийн том түнш болов. 2023 онд Орос нь Хятадын гадаад худалдааны түншүүдийн дунд дөрөвт жагсаж, хоёр орны компаниуд хоорондын 90 гаруй хувийн төлбөр тооцоог өөр өөрийн валютаар хийсэн байна.
Түүнчлэн хоёр тал эрчим хүчний салбар дахь стратегийн хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж, зарим том чухал төслүүд одоо хэрэгжиж байна. Оросын ХАА-н бүтээгдэхүүн Хятадын зах зээлд идэвхтэй орж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарт хоёр орны санаачилгууд нягт хэрэгжиж, логистикийн коридор тасралтгүй бүрэлдэн хөгжиж байна.
Орос, Хятад хамтдаа аж үйлдвэр, дэвшилтэт технологи, тэр дундаа сансар судлал, энхийн зорилгоор цөмийн эрчим хүч, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацын салбарт нягт хамтран ажиллаж байна. Үүнд бид хууль эрх зүй, зохион байгуулалтын нааштай нөхцөл бүрдүүлж, зам тээвэр, банк санхүүгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.
2024, 2025 онд Хятад-Оросын соёлын жил тохиож байна. Одоогоор Оросын бага, дунд сургуулийн 90 мянган сурагч хятад хэл сурч байна. Зөвхөн 2023 онд л гэхэд Оросын 730 иргэн Хятадад аялсан байна.
Олон улсын үйл хэрэгт гол зангилаа асуудлаар Орос Хятадын байр суурь ойролцоо, эсвэл адилхан байдаг. Хоёр орон олон улсын хууль дүрмийг дээдэлж, тэнцвэртэй, салгашгүй, ерөнхийлсөн, тогтвортой хөгжсөн олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг бий болгохыг санаачилдаг бөгөөд эдгээрт НҮБ зохицуулалтын гол чухал үүрэг гүйцэтгэх ёстойг дэмждэг. Барууны худал үг яриа, хийсвэр хуурмаг шалтгаар бий болгосон дэглэмээ бусдад хүчээр тулгахыг бид эсэргүүцдэг гэжээ.
Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын санал санаачилга, хүчин чармайлтын тухайд Путин хэлэхдээ, Оросын тал Хятадын байр суурийг сайшааж байна. Украины хямралын үндсэн шалтгаан болон геополитикт учруулах нөлөөлөл гэдгийг Хятад улс маш тодорхой харж байгааг 2023 оны хоёрдугаар сард нийтэлсэн “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятад улсын байр суурь” бичиг баримтад тусгасан 12 зүйлт санаачилгад харуулж байна. Энэхүү баримт бичигт тусгасан үзэл баримтлал, санал санаачилга нь Хятад найз нөхөд нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө үнэнч байр суурь, хүчин чармайлт гаргаж буйг мөн харуулж байна гэжээ.