Дэлхий

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Нийтэлсэн

Баасан гарагт Киргизстаны нийслэл Бишкек хотод олон зуун хүн гадаад оюутнууд, цагаач ажилчдын амьдардаг байранд халдсан хэрэг гарчээ.

Тэдний халдлага Энэтхэг, Пакистаны иргэдийн эсрэг чиглэж байсан байна.

Киргизстан улсад Өмнөд Азийн эдгээр орнуудын олон мянган иргэн ажиллаж, сурдаг.

Пакистаны гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мумтаз Балоч халдлагын үеэр зодуулсан дөрвөн иргэн нь анхны тусламж авсны дараа эмнэлгээс гарсныг Бямба гарагт мэдээлжээ. Эрүүгээ хугалуулсан өөр нэг иргэний эмчилгээ үргэлжилж байгааг бас мэдээлсэн байна.

Киргизстан дахь Пакистаны элчин сайд Бямба гарагт Бишкекийн Төв Эмнэлэгт очиж, тэнд эмчлүүлж буй өөрийн иргэнтэй уулзжээ.

Пакистаны элчин сайд болсон явдалтай холбогдуулан Киргизстаны эрх баригчдад эсэргүүцэл илэрхийлснийг Балоч мэдээлсэн байна.

“Бишкек дэх Пакистаны оюутнуудад маш их санаа зовж байна. Хэлмэгдсэн иргэдэд шаардлагатай бүх тусламж дэмжлэг үзүүлэх даалгаврыг би элчин сайдын яамандаа өглөө. Манай засгийн газар нөхцөл байдлыг ажиглаж, элчин сайдтайгаа байнгын холбоотой ажиллаж байна” гэж Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф сошиал хуудсандаа бичжээ.

Бямба гарагт Бишкек хотоос 140 оюутан тээвэрлэсэн нисэх онгоц Пакистаны зүүн бүсийн Лахор хотод газардсан байна.

Энэтхэгийн гадаад хэргийн сайд С. Жайшанкар “Бишкек дэх Энэтхэгийн оюутнуудын аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байна. Нөхцөл байдал одоогоор тогтворжсон тухай мэдээлэл авсан. Оюутнуудад элчин сайдын яамтайгаа холбоотой байхыг зөвлөж байна” гэж мэдэгджээ.

Халдлагын үеэр Энэтхэгийн хэчнээн иргэн хохирсон талаар мэдээлэл алга байна.

Пакистан, Энэтхэг улсуудын засгийн газар Бишкек дэх өөр өөрийн иргэдэд тусламж үзүүлэх утасны тусгай шугам нээжээ.

“Киргизийн эрх баригчид аюулгүй байдал тогтоох, дэг журмыг сэргээх шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Манай хууль сахиулах байгууллагууд нийгмийн дэг журмыг зөрчих аливаа оролдлогыг шийдвэртэй таслан зогсоох болно” гэж Киргизстаны засгийн газар мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Киргизийн гадаад хэргийн яамнаас гаргасан өөр нэг мэдэгдэлд “гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ялангуяа Пакистаны хэрэгслүүд Бишкек дэх үйл явдлыг хэтрүүлэн мэдээлж, худал хуурмаг мэдээлэл тарааж байна” гэж шүүмжилжээ.

Тавдугаар сарын 13-ны өдөр Киргизийн оюутнууд Египет болон Арабын орнуудын оюутнуудтай зодолдох үеэр Киргизийн нэг оюутан бэртсэн нь Бишкек дэх гадаадын иргэдийн эсрэг үймээн самуун дэгдэхэд хүргэсэн гэж “Times of India” сонин мэдээлсэн байна.

Exit mobile version