Улаанбаатар
НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг АТГ-т шалгуулах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.
2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа.
Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай ажил гүйцэтгэж байна.
Тухайлбал
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастай голын далан засварлах ажил болон Шадивлангийн зуслангийн замын ус зайлуулах шугамыг угсарч дууссан
- Баянзүрх дүүргийн 2, 29 дугаар хороо, Дарь-Эхийн уулзвараас хойш 102 дугаар сургуулийн зүүн талын ус тогтдог байршилд замын борооны ус зайлуулах шугам сүлжээг засаж, өргөтгөх ажил 90 хувьтай,
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус тогтдог байршлын замын ус зайлуулах шугам угсрах ажил 90 хувьтай дууссан гэдгийг “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.
Зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар нэр бүхий хүмүүсийг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахыг холбогдох албанд үүрэг болгов. Тодруулбал
- НИТХ-ын төлөөлөгч асан Л.Наранбаатар нь концессын гэрээгээр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын байрыг нурааж, суурин дээр 16 давхар барилга барьсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний хавсралтыг сольсон, ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн,
- “Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар нь нийслэлийн өмчийн газарт орон сууц барихдаа мөн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хүлээхгүй, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс