Дэлхий

Малайзад төрсөн бизнесмэн АНУ-ын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлаар тодорчээ

Нийтэлсэн

“The Wall Street Journal” (WSJ) сонин саяхан Америкийн хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлыг тодруулахад тэр нь Apple, Tesla, Meta зэрэг томоохон компаниудын захирал биш, харин Broadcom компанийн Хок Тан болсон байна.

Малайзад төрсөн түүний өнгөрсөн оны цалин урамшууллын хэмжээ $162 сая байжээ. Гэхдээ Тан компанийнх нь хувьцааны ханш 2025 онд тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд үүнийг бүрэн авах нөхцөлтэй ажилладаг юм байна.

Хок Тан 1951 онд Малайзын Пенан мужид хятад цагаачийн гэр бүлд төрж байжээ. Тэрбээр 1971 онд Массачусетсийн Технологийн Их Сургуульд суралцах тэтгэлэг авснаар АНУ-д хөл тавьж байсан юм.

Хагас дамжуулагч эд анги үйлдвэрлэдэг Broadcom компанийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш 27 хувиар, сүүлийн 12 сарын дотор 106 хувиар өсөөд байгаа.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор $655 тэрбум орчимд хэлбэлзэж байна.

Тан 2006 оноос хойш Broadcom компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэрбээр 2017 онд $103 саяын цалин урамшууллаар WSJ-ийн жагсаалтыг бас тэргүүлж байжээ.

2023 онд есөн оронтой тоогоор хэмжигдэх цалин авсан өөр хоёр гүйцэтгэх захирал байсан нь Palo Alto Networks компанийн Никеш Арора, Blackstone компанийн Стив Шварцман нар байсан байна.

Тухайлбал Арора $151 сая, Шварцман $120 саяыг цалин, урамшуулал хэлбэрээр авчээ.

Palo Alto Networks, Blackstone компаниудын хувьцааны ханш өнгөрсөн онд 110 ба 54 хувиар тус тус өссөн байна.

Америкийн өндөр цалинтай гүйцэтгэх захирлуудын жагсаалтын эхний 10-т Apple компанийн Тим Күүк, Netflix-ийн Тэд Сарандос, Warner Bros Discovery компанийн Дэвид Заслав нар багтжээ.

Харин эхний 25-ын жагсаалтад эмэгтэй гүйцэтгэх захирал ганц ч байгаагүй нь анхаарал татаж байна.

 

Эх сурвалж: Business Insider

Exit mobile version