Улс төр

Гомдогсод буюу Богдын боорцгон дээрх зодоон

Нийтэлсэн

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа урьд өмнө байгаагүй бужигнаантай, зодоонтой, гомдогсод, гоморхогчид олонтой болж өндөрлөв. Өмнөх сонгуулиудын үеэр арай ч ингэтлээ Богдын боорцог булаацалдсан зодоон шиг бужигнадаггүйсэн. Сонгуулийн дүн гарсны дараа бас ингэж гөвшилцөж, тэр жилийн долоодугаар сарын-1 шиг гай тарихгүй байгаасай л гэж залбиръя. Хэрүүл зодоон гол хоёр намд илүү хамаатай байсныг бас дурдая.

 

АН-ын “зодоон”

 

Ялангуяа АН хавиар зодоон ихтэй байсан нь нэр дэвшигчдээ урьдчилан тохирч хайрцаглаагүйтэй холбоотой. Нэр дэвшүүлж дуусах хуулийн хугацааг яг тулгаж байгаад дахин нэмэлт засвар оруулах боломжгүйгээр жагсаалтад орогсдын нэрийг санд мэнд дуудсан нь гал дээр тос нэмэв. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа эсэргүүцэл илэрхийлж байхав. Тэгтэл түүнийг тайзнаас хүч түрэн буулгацгаав. Үүний дараа АН-ын улстөрч эмэгтэйчүүдийг өнгөлж явдаг З.Нарантуяа намаас гарахаа мэдэгдсэн. Тэрбээр уг нь Завхан, Говь-Алтай, Ховд, Увсыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшээд буй. Тэр өөрийнхөө төлөө бус, жагсаалтад орогсод болоод тэдний дараалал биш байгааг л хэлснийхээ төлөө тайзнаас буулгуулахдаа хүрсэн гэнэ.

АН-ын удирдлага шударга үг сонсохоо больж байгааг энэ үйл явдал гэрчилнэ. Ядахдаа л нүүрсний хэрэгт татагдаж, сонсгол дээр нүүр улалзуулж явсан Ө.Шижир, А.Адъяасүрэн нар зарим нь тойрогт торойж, зарим нь жагсаалтын дээгүүр даналзаж явахад З.Нарантуяа шиг боловсрол өндөр, УИХ-ын гишүүний ажлыг гялалзтал хийж явсан эмэгтэйн дургүй хүрэлгүй ч яахав. Гэхдээ нөгөө талаас З.Нарантуяа баруун аймгуудыг нэгтгэсэн тойргоос ялж гарахад өөрт нь хүндрэлтэй тул жагсаалтад орно хэмээн бужигнуулсан гэх. Завханаасаа бол гарна. Үе үедээ Д.Туяа, Д.Оюунхорол, З.Нарантуяа, Б.Баярсайхан гээд олон бүсгүйг УИХ-д гаргаж байсан, ганц жендэрсэг аймаг. Гэтэл Ховд, Увстай нийлэхээр бүсгүй хүнд халтай гэдэг ч үнэний ортой л доо.

АН-ын ХЭГ-ын дарга асан, ҮБХ-ын гишүүн П.Нүрзэдийг жагсаалтын 23 дугаарт бичсэн нь түүнтэй зөвшилцөөгүй шийдвэр учраас жагсаалтаас нэрээ татаж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Гэсэн ч ардчиллын үйл хэрэгт хичээнгүйлэн зүтгэнэ гэдгээ илэрхийлэв. Баянгол дүүрэгт нэр дэвшихээр тохироод байсан Б.Ган-Очирын нэр гэнэтхэн алга болсон тул бас гомдогсдын нэг болж хоцорчээ. УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Сонгинохайрхан дүүрэгт нэр  дэвшүүлж байснаа бас татчихсан тул тэрбээр намд хандив болгон өгсөн 16 сая төгрөгөө буцаан нэхэмжилж, дансны дугаараа хавсаргажээ. Ингэхдээ хууль зөрчиж хандив болгон авсан 10 сая, ҮБХ-ны гишүүн биш атал татвар хэмээн хураасан зургаан сая төгрөг энд багтсаныг задаргаа болгон үзүүлсэн байна. “Элийрэгч” хэмээн олонд танигдсан Ц.Уянга Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч “байнга усалсан Хан-Уул дүүргийг минь Лодойсамбууд авч өгөөд өөр газар шилжүүллээ” хэмээн агсарч бас л намаас гарах юм боллоо. Сайндаа ч биш байх. Тэрбээр “Алдарт эх”-ийн одон, дагалдах мөнгийг “Хээлтүүлгийн шагнал, хээлтүүлгийн мөнгө” хэмээн эхчүүдийг доромжилж, гэр хорооллынхныг “Хашааны банхар” хэмээн шоолж явсан хүн. Тэгээд хүүхэд олонтой, гэр хороолол ихтэй Сонгинохайрханд нэр дэвшээд очвол “Банхарт бариулна” хэмээн айсан хэрэг л гэж түүний үйлдлийг хэлэхээс биш. Одоо АН-ыг ялагдуулахын төлөө хамаг хүчээрээ үзнэ гэнэ. Улстөрч ч бол доо. АН-ынхан өөрийнх нь төлөө зүтгэснээ өшгичиж, хамаа бусын замын ханиар эгнээгээ тэлдгийн л “шан” юм даа. Х.Баттулга Ерөнхийлөгч асны хүргэн, танилцуулга нь нэгэнт “цөмрөөд” байсан О.Тэнүүн ч нэр дэвшиж амжсангүй. О.Тэнүүн нь Шадар сайд С.Амарсайханы ах, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын хүү юм. Х.Баттулгын хүн гэдгээрээ О.Тэнүүн унасан гэсэн яриа дуулдаж эхлэв. Хадам, хүргэн хоёр зэрэг дэвшвэл арай л биш болох байсан биз.

“Зариг”-ийн сэтгүүлч Н.Өнөрцэцэг урд өдөр нь АН-ын батлах гардаж аваад л маргааш нь тойрогт юм уу, жагсаалтын дээгүүр лавтай бичигдэнэ хэмээн бат итгэж суусан юм байх. Гэтэл “Бай ч үгүй, банз ч үгүй хоцорлоо, шал дэмий АН-д элслээ” хэмээн цахимаар бөөн юм болж сууна. Намд элсээд ганц хоносон хүнийг аль ч нам дэвшүүлэхгүй л дээ. Өчнөөн олон жил ардчиллын төлөө гүйсэн, боловсрол мэдлэгтэй зарим нь дэвшиж чадахгүй тойргийн гадна үлдэж байхад. Хэрэв улс төрд оръё л гэсэн бол бие даан нэр дэвших боломж түүнд уг нь байлаа. Тэгсэн бол хуульд заасан 801-ээс ч дээш тооны хүний гарын үсэг цугларах байсан биз.

Саяхан АН-д нэгдсэн Либертари намын комедиан Д.Амартүвшин СХД-т нэр дэвшинэ гэж горилоод /АН-ынхны хэллэгээр зориглоод/ муриулснаа бас сошиалаар дэлгэв. “Салан баавгайн суганд хавчууллаа” гэж тухайн үед нь эс хэллүү. Гэхдээ тэрбээр түргэдсэн байж. Түүнийг жагсаалтаар, харин өөр нэг комедиан Н.Амаржинг Сонгинохайрханд дэвшүүлсэн л байна лээ.

За тэгээд Хөвсгөл аймгийг АН-ынханд талтай, гаднын хүнийг гадуурхдаггүй гэдгээр нь элэг барьж Х.Баттулга, Ж.Батзандан хоёрыг явуулж байгаа юм биз дээ. Ингээд АН-ынхан Богдын боорцог дээрээ багагүй дуулиантай зодолдов. Энэ бужигнааныг харсан Э.Бат-Үүл баатар “Ардчилал минь ийм болох гэж дээ” хэмээн бахардан, гоморхон бичсэн харагдана лээ.

 

МАН-ын гологдогсод хийгээд гомдогсод

 

МАН цөөнгүй удаа УИХ-д улиран сууж ”олон өмдний бөгс” элээсэн хуучин улстөрчдөөсөө энэ удаа зоригтой салав. Б.Бат-Эрдэнэ аварга энэ жил нэр дэвшилтээс мултрав. Уг нь дахиад нэг удаа суучих хүсэл түүнд байсан юм. Ногоон автобусны балгаар Хотын даргын суудлаас мултарсан Д.Сумъяабазар нэр дэвшиж чадсангүйгээр барахгүй намын даргын ажлаа ч өгөв. Хэрэв хотын дарга болно гэж давхилгүй гэмгүй шиг УИХ-ын гишүүнээ хийгээд явсан бол горьдлого ч байсан л байх. Ж.Сүхбаатар гишүүн ч ногоон автобусандаа “мөргүүлчихсэн”. Ерөнхий сайд асангуудад нэр дэвшилт халтай байлаа. Сү.Батболд, Ж.Эрдэнэбат нар мулт үсрэв. Гадаад дотоодод байгаа байр савны хэрэг, Миеэгийн фракц гэх шалтаг тэр хоёрын замыг тагласан биз. Х.Болорчулуун гишүүнийг намын нөлөө бүхий нэг эрхэм “Чамайг дэвшүүлэхгүй, хараарай” хэмээн занаад л санасандаа хүрсэн гэнэ. “Хормой султ” Ц.Анандбазар, нүүрсний хэргээр чих халууцуулсан Б.Энх-Амгалан, “Хөгжлийн банк”-ны Г.Амартүвшин нарт “муу нэр”-ээсээ болоод нэр дэвших аз дутлаа. Хуучны эмэгтэй гишүүдээс Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нарыг дэвшүүлсэнгүй. Д.Сарангэрэл нь анхнаасаа хүсэлтээ өгөөгүй бол Д.Оюунхорол оны өмнө ажлаа өгөөд нэр дэвшихээр горилж явсан нь бүтэлгүйтсэн бололтой. Шинээс гэвэл Б.Жаргалмаа гишүүнийг тойрогтоо хийсэн зүйлгүй, идэвхгүй гэдгээр хассан сурагтай. Шинээр нэр дэвшинэ хэмээн горилж байсан залуучууд болох Х.Алтай, Э.Золбоо нар нэр дэвшигчдийн дунд багтсангүй. Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай нь улс төрд нэр нөлөөтэй эрхэм Л.Хангайн хүү, зүүн бүсэд горилж асан. Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нь УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас ОХУ-д сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшингийн хүү, Хангайн бүсэд санаатай байсан юм.

Бүр 2019 оны эхээр Хотын даргаас Су.Батболдыг огцрох үед НИТХ-ын заалнаас нэр дэвшиж С.Амарсайханыг ялсан ч хотын мэрээр батлагдаж чадаагүй С.Мөнхчулууныг МАН дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, “оймс” хэмээх Л.Наранбаатар, А.Занданбат, Г.Дөлгөөн нар ч хоосон хоцров. Жагсаалтад ч, тойрогт ч нэрс нь алга. Үүнийг мэдсэн бол Н.Цэрэнбат  “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал, Л.Наранбаатар  Хөтөлийн цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, Г.Дөлгөөн Монголбанкны дэд ерөнхийлөгч, А.Занданбат УИХ-ын харьяа Үндэсний аудитын газрын даргын албаа юу ч гэж сайн дураараа өгч албан тушаалаасаа чөлөөлөгдлөө дөө.

Зодоон нүдээн, унирхал тунирхал дагуулсан нэр дэвшилт иймэрхүү өндөрлөв. Гэхдээ нэгэн зүйл бий. Нэр дэвшилт эцсийнх хараахан биш.

Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх хугацаа зургаадугаар сарын 1-3-ны хооронд бас үргэлжилнэ. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлд “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно.

Мөн дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. Үүнд: нэр дэвшигч нас барсан, нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн бол (Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг) дахин нэр дэвшүүлэх боломж бас бий гэжээ. Энэ хооронд уйлсан, дуулсан, тунисан, гоморхсон, холигдсон, солигдсон хэрэг нэг хэсэгтээ л тасрахгүй биз ээ.

Д.Оюунцэцэг
Exit mobile version