Улс төр

Ж.Бат-Эрдэнэ: “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобусыг яах вэ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын Хянан шалгах түр хорооноос хоёр дахь өдрөө буюу энэ сарын 22-нд Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сэдвээр “Ногоон автобус”-тай холбоотой сонсголыг үргэлжлүүлэн зохион байгуулсан юм. Энэ өдрийн сонсголыг “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвээр хийсэн бөгөөд нийт 31 гэрчийг дууджээ.

Нийслэлийн нийтийн тээвэрт худалдан авсан автобустай холбоотой шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй. Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй аж.

Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй юм байна. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол Улс руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байжээ. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн байх юм.

Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг ийнхүү шинэ хэмээн бичиг баримт бүрдүүлэн оруулж ирснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгдсөн байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж, автобус шинээр худалдан авахтай холбогдуулж, нийслэлд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Гэвч энэхүү ажлын хэсэгт багтсан дарга болоод гишүүд нь энэхүү сонсголд гэрчээр оролцохдоо “Тэнүүн огоо” компанийн автобусыг шалгаад тэнцэхгүй байна” гэдэг асуудлыг нийслэлийн удирдлага болоод Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт мэдэгдсэн ч есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирсэн байх ёстой. Энэ ажлыг саадгүй үргэлжлүүлж байж санхүүжилт авах боломжтой гэдгийг тайлбарыг өгсөн гэж мэдүүлжээ. Тэр ч байтугай Ажлын хэсэгт багтсан гишүүд автобусыг үзээгүй хэр нь “Хүлээн авч болно” гээд гарын үсэг зуржээ. Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу автобусыг хүлээн авсан. Дээрээс  автобусыг хурдан оруулж ирэх ёстой гэж үүрэгдэж байсан. Хэрэв энэ ажил саатвал санхүүжилт авах боломжгүй болох байсан” гэдэг тайлбарыг өгч байгаа юм.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүд болон холбогдогч этгээдүүд олонд “Цавчаа” гэж нэрлэгдсэн “Ногоон автобус”-ны талаар байр сууриа илэрхийлэв.


 

Ж.Чинбүрэн: Хуучин автобусны нэг бүрийн үнэ 3336 сая төгрөг…

 

-Хуучин автобусыг угсраад авч ирсэн гэдгийг шинжээч тодорхой хэлсэн. Тээвэр зуучлалын компани нь хуучин автобус тээвэрлэж байна гэдгээ ч мэдэгдсэн. Улайм цайм ийм хулгай хийхээсээ ичдэггүй юм уу. Хуучин автобус хэр нь нэг нь л 336 сая төгрөг… Нийслэлийнхэн та бүхэн яасан ичдэггүй юм бэ. Гарын үсэг зураад авсан байх юм. Ажлын хэсэгт нь маш олон хүн байна, бүгдээрээ гарын үсэг зурчихсан. Хуучин автобус хилээр оруулж ирж байхад гаалийн байгууллагынхны дуу хоолой хаана байв. Гаалийн байгууллага тайлбар хэлэх хэрэгтэй. Хэрэв энэ асуудлыг ХҮН намаас анх гаргаж тавиагүй бол хэдэн хүн осолдох байсан бэ. Тоормозны систем ажиллахгүй байна. Хүн амаа өсгөх гээд байдаг, гэтэл автобусаар нь осолд оруулж, амь эрсдүүлэхээр тээврийн хэрэгсэл оруулж ирсэн.  Утаанаасаа салъя гээд хэчнээн жил ярьж байгаа билээ. Гэтэл утааны стандарт хангахгүй.  Ямар хүйтэн хөндий хандаж байна вэ.

 

Н.Ганибал: Автобусыг очиж үзээгүй ч протколд гарын үсэг зуржээ

 

-Цогц мафи ажиллагаа. Төрийн хамгийн том хулгайн нэг л хэсэг нь. Нийслэлийн засаг захиргаа хамтаараа нийлээд энэ ажлыг хийсэн. Хамгийн их хулгай хийдэг хүмүүс бол дарга нар юм байна гэдгийг энэ жишээнээс тодорхой харлаа. Автобусыг очиж үзээгүй хэр нь протоколд гарын үсэг зурчихсан.

 

Т.Доржханд: Чиглэл хаанаас өгөгдсөн юм бэ

 

-Шинжээч нар хуучин автобус гэдгийг баталгаажууллаа.  Хуучин автобусны дундаж үнэ нь 336 сая төгрөг. Гэтэл нийслэлд дараа нь шинэ автобусыг 165 сая төгрөгөөр оруулж ирсэн. Шинэ автобусыг хоёр дахин нугалсан үнэтэй хуучин автобус оруулж ирэхэд хэн шийдвэр гаргадаг юм бэ. Дарга нар бид шийдвэр гаргадаггүй дунд шатны нэгжийн удирдлага шийдвэр гаргадаг гээд заачихаж байгаа. Хариуцсан сайд нь би эрх шилжүүлсэн гээд Д.Сумкъяабазар луу заачихаж байгаа. Хоёр дарга нь нийлээд Тагнуул руу заасан. Чиглэл хаанаас өгөгдсөн юм бэ.

 

С.Жавхланбаатар: Би ажилдаа хайнга хандсан

 

-Үйлдвэрүүд дээр очоод үзэхэд итгэл үнэмшил төрсөн. 2023 оны наймдугаар сарын 14-нд ирсэн эхний 20 автобус дээр миний бие очоогүй. Давхар ажлын хэсэгтэйгээ хамт очиж үзэх байсан юм билээ. Би ажилдаа хайнга хандсан. Есдүгээр сард орж ирэх 100 автобусны санхүүжилтийг зогсоохгүй байх, дээр нь үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан, чиглэл ирсэн учраас миний бие санхүүжилтийг шийдэж явсан дээр ажлын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа.

 

Ж.Бат-Эрдэнэ: Автобус компаниуд БНСУ-аас хуучин автобус оруулж ирдэг

 

-“Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн 100 автобусыг яах вэ.  Автобус компаниуд БНСУ-аас хуучин автобус оруулж ирдэг.  Энэ асуудалд нийтийн тээвэр ямар бодлого барих вэ.

 

Д.Отгонжаргал: Цаашид хувийн компаниудыг дэмжих бодлого барина

 

-Эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байгаа 100 автобусны мэдээлэл хоёр янз байгаа. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсны дараа хэрхэхээ шийднэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 18 аж ахуйн нэгж явж байгаа. Хоёр нь л нийслэлийн өмчит компани, бусад нь хувийн хэвшлийн компани. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төсвөөс хөрөнгө гаргадаг. Хувийн аж ахуйн нэгж өөрсдөө парк шинэчлэлт хийх боломжтой ч санхүүгийн хүндрэлээс болоод хуучин автобус оруулж ирдэг. Хуучин автобусныхаа оныг засдаг учраас нийслэлээс өнгөрсөн онд 600 автобус оруулж ирсэн.  Т.Доржханд гишүүн нийслэлийн оруулж ирсэн автобусыг нэг бүрийг нь 160 сая төгрөг гэж хэллээ, буруу. Нэг автобус нь  278 сая төгрөгөөр орж ирсэн. Цаашид нийтийн тээврийн салбарт хувийн аж ахуй нэгжийг дэмжих бодлого барина.

Ийнхүү олон түмэнд “Цавчаа ногоон” гэж нэрлэгдсэн албан тушаалтнуудын төрөөс хийсэн хулгай 2020 оноос эхэлсэн нь нээлттэй сонсголоор ил болов.  Өөрөөр хэлбэл, төрийн шууд худалдан авалтын үйл явц Монголын төрөөс буюу нийтийн мөнгө санхүүгээс хулгай хийх боломж бий болгожээ. “Үндэсний аюулгүй байдал” гэдэг зохиомол нэрээр худалдан авах үйл явцыг хаалттай болгож байгаад маш том хулгайг хийж болдог аж.

Сонсголын үр дүн бол дахин хулгай дээрэм хийлгэхгүй байх юм. Хоёрдугаарт, хариуцлага тооцох учиртай. Түр орлон гүйцэтгэгч нар байлгаж байгаад асуудлаа шийддэг муухай жишиг Монголын төрд тогтсоныг арилгах юм. Шударга төрийн албан хаагч үнэнийг хэлснийхээ төлөө ажлаасаа халагддаг, оронд нь түр орлон гүйцэтгэгч тавьж байгаад хулгайгаа хийчихэж байгааг зарим хүн хэлж байна. Энэ нь үнэн гэдгийг ч хянан шалгагч шинжээч нар батлан харуулав.

Exit mobile version