Дэлхий
Оросын хүүхдүүдийн эхний хэсгийг энэ зун Умард Солонгосын зусланд амруулахаар төлөвлөжээ
Oросын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ зун Умард Солонгосын зусланд амруулах асуудал яригдаж эхэлснийг North Korea News сайт мэдээлжээ.
Владивосток хотод үйл ажиллагаа явуулдаг Восток Интур компани эхний бүлэг хүүхдүүдийг энэ зун Умард Солонгосын Сондовон олон улсын хүүхдийн зусланд амруулах асуудлыг Пёняны эрх баригчидтай ярилцаж байгаа юм байна.
Эхний ээлжид арав гаруй хүүхэд, хоёр багш хамрагдаж, долдугаар сарын дундуур Сондовонд очихоор төлөвлөснийг Восток Интур компанийн захирал Инна Мухина мэдээлжээ.
Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хотын ойролцоо оршдог Сондовон зуслан өмнө нь гадаадын хэд хэдэн улсаас хүүхдүүд хүлээн авч байсан гэнэ.
Цар тахал эхлэхээс өмнө Оросын хүүхдүүд ч бас амарч байжээ.
Умард Солонгостой хил залгадаг ОХУ-ын Алс Дорнодын Приморскийн хязгаарын захирагч Олег Кожемяко хүүхдүүдийг Сондовон зусланд амраах санааг анх өнгөрсөн онд гаргаж байжээ.
Тухайн үед онлайн орчинд уг санааг эсэргүүцсэн, шүүмжилсэн хэлэлцүүлэг эцэг эхчүүдийн дунд өрнөж байв.
Тэдний зарим нь хүүхдээ Умард Солонгос руу явуулахаас айж байгаагаа илэрхийлж байжээ.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт Восток Интур компани Оросын хүүхдүүдийг Умард Солонгосоор аялуулах өмнөх төлөвлөгөөгөө “хангалттай тооны хүүхэд олдоогүй” шалтгаанаар цуцалсан юм.
Украины дайны эхэлснээс хойш ОХУ-БНАСАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа шинжлэх ухаан, спорт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарт идэвхжээд байгаа.
Эдгээрээс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа хамгийн эрчимтэй гүнзгийрч байна.
Эх сурвалж: NK News