Дэлхий
Qatar Airways компанийн нисэх онгоц агаарт донсолсны улмаас 12 хүн бэртжээ
Ням гарагт Катарын нийслэл Доха хотоос Ирландын нийслэл Дублин хотын чиглэлд ниссэн Qatar Airways компанийн онгоц агаарт хүчтэй донсолсны улмаас нийтдээ 12 хүн бэртжээ.
QR017 аяллын дугаартай Boeing 787 Dreamliner онгоц Дублин хотын нисэх буудалд төлөвлөсөн цагтаа газардахад түргэн тусламж, аврах албаныхан тосож авсан байна.
Зургаан зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн онгоц Туркийн нутаг дээгүүр өнгөрөх үед тохиолдсон донсолгооны үеэр бэртжээ.
Зорчигчдод хоолоор үйлчилж байх үед уг донсолгоо эхэлсэн бөгөөд нийтдээ 20 секунд хүрэхгүй хугацаанд үргэлжилснийг гэрчүүд мэдээлсэн байна.
Зорчигч, нислэгийн багийн гишүүдийн гэмтлийн зэргийг Qatar Airways компани “хөнгөн” гэж тодорхойлжээ.
Үүнээс тав хоногийн өмнө Singapore Airlines компанийн нисэх онгоц агаарт донслоход нэг зорчигч амиа алдаж, 40 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.
Агаарын урсгалын нөлөөгөөр онгоц хүчтэй сэгсрэгдэж, донслох үзэгдэл иргэний агаарын тээврийн хамгийн түгээмэл осол болсныг АНУ-ын Тээврийн Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөл 2021 оны судалгаандаа дурдсан байдаг.
2009-өөс 2018 оны хооронд бүртгэгдсэн нислэгийн үеийн нийт ослын гуравны нэгээс илүү хэсгийг агаарын донсолгоо эзэлж байжээ.
Эдгээрийн ихэнх тохиолдолд хамгийн цөөндөө нэг хүн ноцтой бэртэж байсан ч онгоцонд ямар нэг гэмтэл гарч байгаагүйг дээрх судалгааны тоо баримт харуулж байна.
Эх сурвалж: Reuters