Улс төр
Популист улстөрчдийн зовлонг 30 жил харлаа
Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буландаа ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарыг онцолж байна.
ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Популист улстөрчдийн гай зовлонг бид 30 жил харлаа. Оронд нь төмөр замаа ч тавьж чадсангүй. Цахилгаан станц ч байхгүй. Бүгд л ядуу, битүү хулгайдаа баригдчихаад өнөөдөр хоёр сонсгол хийгээд л явж байна шүү дээ. Тийм юм бол Монгол Улс ялах нь чухал юм уу, манай нам ялах нь чухал юм уу гэдгийг нийгмээрээ ялгаж салгах цаг нь болсон. Ерөнхийлөгч байсан хүн одоо УИХ-ын гишүүн болно гээд явж байна. Нэг л шалтгаан байгаа. Маш их хулгай хийчихсэн учраас шоронд орохгүйн тулд тэр хүн хуулийн хамгаалалтад орно гэдэг зүйл л явж байна.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: Энэ удаагийн сонгуульд миний сонгогдсон Сүхбаатар дүүрэг Чингэлтэй дүүрэгтэй нэгдэж том тойрог болсноор нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээ ихэд нэмэгдэж нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байж сонгуулийн ухуулагчдын цалин, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал гаргах болсон нь академик ертөнцөөс улс төрд орж ирсэн, хувийн бизнесгүй миний хувьд тойрогт өрсөлдөх санхүүгийн боломжгүйд хүргэсэн юм. Тийм учраас намын жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа гаргаад байсан билээ. Харин энэ сонгуульд МАН жагсаалтаар УИХ-ын гишүүд, сайд нарыг дэвшүүлэхгүй, нийгмийн өргөн төлөөллийг хангах салбар бүрийн хүмүүсийг оруулна гэсэн шийдвэр гаргасныг “УИХ бол хүн амын төлөөллийг хангах ёстой” гэж олон жил зүтгэж, хуулинд тусгаж ирсэн гишүүний хувьд дэмжин хүлээж авлаа.
ТЕГ-ын дарга асан Б.ХУРЦ: Би Б.Булгантай ойр дотно байгаагүй. Би мэндийн зөрүүтэй л байдаг. Б.Булган талийгаачийн хань байгаагүй. Хамтран амьдрагч нь байсан. Тархи толгойноос нь үс унагаах, ургуулах хүн нь өөрөөр нь юм яриулж байгаа хүмүүс нь. Лав бид нар биш. Үгүй ээ, тэгээд л тэр төрийн хамгаалалтад нь аваад л байж байг л дээ. Огт бидэнд хамаагүй зүйл ярьсан байсан.