Дэлхий
Зеленський АНУ, БНХАУ-ын удирдагчдыг “энх тайвны уулзалтад” оролцохыг уриалжээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгээр дамжуулан АНУ, БНХАУ-ын удирдагчдыг ирэх сард Швейцар улсад болох “энх тайвны дээд хэмжээний уулзалт”-д оролцохыг уриалсан байна.
Тэрбээр бямба гарагт ОХУ Харкив хотын худалдааны төв руу довтолж, 16 хүний амь үрэгдсэний дараа уг мэдэгдлийг хийсэн юм.
Зеленський бичлэгтээ “Түр хугацаанд дайралтуудаа зогсоох биш, дайныг бүр мөсөн дуусгах энх тайвныг тогтооход манлайллаа харуулахыг хүсье” хэмээн англиар хэлжээ.
Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа бөгөөд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мөн уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Бямба гарагт ОХУ-аас Харкив хот руу довтолсон нь сүүлийн үед хийсэн томоохон дайралтуудын нэг болсон юм. Харкив хотын захирагчийн мэдээлснээр дайралтын үед худалдааны төвд 120 гаруй хүн байсан гэв.
Украины Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр он гарсаар ОХУ-аас Украиныг чиглэн 10 мянга орчим агаарын довтолгоог хийсэн байна. “Иймд илүү орчин үеийн агаарын хамгаалалтын систем хэрэгтэй бөгөөд хамтрагч орнуудтай өдөр бүр энэ асуудлаар хэлэлцэж байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian