Нийгэм
Үндэсний номын сангийн шинэ байрыг өнөөдөр нээнэ
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ барилгын нээлтийн ёслол өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны даваа гарагийн 11:40 цагт болно. Шинэ барилга нь Сүхбаатар дүүргийн зүүн талд, АНУ-ын ЭСЯ-ны урд байрлаж байна.
Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч буй юм.
Анх 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний Номын Сангийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоох тухай зарлиг гарснаар анхны шавыг тавьж, 2014 онд барилгын ажлыг эхлүүлснээр 2024 онд ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлж байна.
Үндэсний Номын Сангийн шинэ барилга нь орчин үеийн дэд бүтэц, техник технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой, шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болж байгаа юм.
Үндэсний Номын Сан нь шинэ салбар номын сангаараа олон нийтийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн ном хэвлэлийг бүрдүүлж, цахим номын сан, олон талт хөтөлбөр үйлчилгээгээр бүх насны уншигчдад үйлчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд гэр бүлд чиглэсэн төрөлжсөн үйлчилгээ үзүүлж үйлчилгээнийхээ хүрээ хүртээмжийг тэлж байна.
Монгол Улсын Үндэсний Номын Сан сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй Салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3.0 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-даа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ барилгын хаяг, байршил: https://maps.app.goo.gl/6nvmj6JH7ewVYcSm6
Эх сурвалж: Соёлын яам