Нийгэм

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн шүүх хурал болно

Нийтэлсэн

Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.05.27/ болно. Өмнөх шүүх хурал нь яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хойшилсон юм.

Хөвсгөл аймгийн Спортын ордонд өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.18/ зохион байгуулсан шүүх хуралд улсын яллагч цахимаар гурав, шинжээч цахимаар нэг, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн нэг, цахимаар гурав, яллагдагч нарын өмгөөлөгч, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцож байгаа талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлсэн.

Мөн шүүх хуралдаанаар “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий есөн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар шүүх байгууллагаас мэдээлсэн.

Хэргийн талаар тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Exit mobile version