CRI Монгол радио

Бүс нутгийн хөгжил, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэв

Нийтэлсэн

Өнөөдөр, тавдугаар сарын 27-ны өглөө Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Сөүлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл, Японы ерөнхий сайд Фумио Кишида нартай хамт Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын 9 дэх уулзалтад оролцов.

Ли Чян хэлэхдээ, Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны механизм байгуулагдаад 25 жил болж байна. Эхлэлийн шинэ цэг дээр Хятад, Япон, Өмнөд Солонгос хамтын ажиллагааны анхны зорилтоо тууштай баримталж, нээлттэй багтаамжтай, итгэлцэл хүндэтгэлд суурилсан, ашигтай хамтарч, харилцан суралцсан Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлж, бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулах ёстой гэв.

Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Ли Чян таван санал дэвшүүлэв. Нэгд, хамтын ажиллагааг ахиулж бүх талаар ахин эхлүүлэхийг дэмжинэ. Хоёрт, эдийн засаг худалдааны саадгүй харилцааг гүнзгийрүүлнэ. Гуравт, шинжлэх ухаан, технологийн инновацийн хамтын ажиллагааг удирдан дагуулна. Дөрөвт, нийгэм соёлын солилцоог нэмэгдүүлнэ. Тавд, тогтвортой хөгжлийг дорвитой ахиулна.

Гурван тал “Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын есдүгээр уулзалтын хамтарсан тунхаг”, “Хятад, Япон, БНСУ-ын оюуны өмчийн хамтын ажиллагааны 10 жилийн алсын харааны хамтарсан мэдэгдэл”, “Ирээдүйд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, даван туулах хамтарсан мэдэгдэл” гаргаж, өмнөх наймдугаар уулзалтаар баталсан “Хятад, Япон, Өмнөд Солонгосын ойрын арван жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв”-ийг хэрэгжүүлэх, гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдэв.

АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын олон талт хүрээнд нягт харилцан ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа хамгаалахаар тохиролцсон байна.

Exit mobile version