CRI Монгол радио
Хятад, Японы ерөнхий сайдууд Сөүлд уулзав
Синьхуа агентлагийн мэдээ: Тавдугаар сарын 26-ны орой Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Сөүлд Хятад Япон БНСУ-ын удирдагчдын 9 дэх хуралд оролцохдоо Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзав.
Ли Чян хэлэхдээ, өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Ши Жиньпин дарга Фумио Кишида ерөнхий сайдтай Сан Францискод уулзаж, чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орны стратегийн харилцан хүртээмжтэй харилцааг шинээр тодорхойлсон нь хоёр талт харилцааны хөгжилд улс төрийн удирдамж болсон гэв.
Хятад Японы хөгжил хоорондоо чухал боломж юм. Японтой олон салбарт олон замаар, олон шатанд найрсаг харилцаж, хүмүүсийн харилцан зорчиход улам их боломж бүрдүүлж, өсвөр үе, залуусын хамтын ажиллагааг идэвхжүүлж, Хятад Японы найрсаг хамтын ажиллагааны иргэдийн суурийг тасралтгүй бэхжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Ли Чян хэлэв.
Фукушимагийн цөмийн бохирдолтой усыг далайд цутгаж буй Японы үйлдэл хүн төрөлхтөний эрүүл мэнд, дэлхийн далайн орчин, олон улсын хамтын ашиг тусад холбоотой асуудал. Олон улсын хяналт шалгалт хийх зэрэг асуудалд бүтээлч байр сууриар хандаж, дотоод гадаадын анхаарал хандуулж буй зүй зохистой асуудалд шударга зарчимч байж, үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэхийг Японд хүсэж байна гэж Ли Чян тэмдэглэв.
Япон Хятадын харилцаа эерэг чиг хандлагаа хадгалах нь хоёр оронд төдийгүй дэлхий дахинд ашигтай. Хятадын талтай хамт хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд түвшний харилцаагаа хадгалж, ногоон эдийн засаг, эрүүл мэнд, гуравдагч талын зах зээлийн салбарт нягт хамтран ажиллаж, хүмүүсийн харилцан зорчиход дөхөм үзүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтын эсрэг хамтаар тэмцэж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Японы тал бэлэн байна. Тайваний асуудалд Япон улс 1972 оны “Япон Хятадын хамтарсан мэдэгдэл”-д тогтоосон байр суурийг баримтална. Энэ байр суурь өчүүхэн ч өөрчлөгдөөгүй гэжээ.