Энтертайнмент
Жүжигчин Хан Еэ Сыл арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртжээ

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох Хан Еэ Сыл нөхөр Рюү Сон Жэгийн хамт бал сараа тэмдэглэхээр Италийг зорьжээ. Хосууд Портофино дахь тансаг зэрэглэлийн Парагги хэмээх зочид буудалд буудалласан бөгөөд наран шарлагын газар болох Terrazza Dior-т орох гэсэн боловч оруулаагүй байна.
Дээрх тансаг зэрэглэлийн буудалд буудаллаж буй хүмүүс уг наран шарлагын газар орох эрхтэй байдаг бөгөөд захиалгаа өмнөх өдөр нь өгсөн байх шаардлагатай байдаг аж. Хосуудыг наран шарлагын газар очход ажилчид нь наран шарлагын газар хаалттай байгаа хэмээгээд өөр газар суухыг санал болгосон байна. Гэвч наран шарлагын газар хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан нь илт байсан бөгөөд жүжигчин бүсгүйг тус газар буудаллаж буйг, мөн өмнөх өдөр нь захиалга өгсөн болохыг мэдсэн хэрнэ уг үйлдлийг гаргажээ.
Үүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт хэмээн үзсэн Хан Еэ Сыл холбогдох хүмүүст нь гомдол гаргаснаар уг наран шарлагын газар суух эрхтэй болжээ. Бал сараараа ийнхүү Ази гэдгээсээ болж ялгаварлан гадуурхалтад өртсөн тэрээр гомдолтой байгаагаа илэрхийлэн, энэ тухайгаа цахим хуудаснаа нийтэлсэн нь дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнх нь эгдүүцлийг хүргэн дээрх газарт гомдол гаргаж эхэлсэн байна.
Европын улс орнуудад Ази хүмүүсийг гадуурхах асуудал цөөнгүй тохиолддог. Саяхан болж өнгөрсөн Каннын кино наадмын улаан хивсний ёслолын үеэр өнгөт арьст алдартнуудтай бүдүүлэг харьцаж буй эмэгтэй хамгаалагчийн бичлэг цацагдсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
