Дэлхий
Польш улсын засгийн газар Оросын дипломатчидын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав
Польшийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэр дээр Оросын дипломат албан хаагчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах болсон шийдвэрээ өчигдөр буюу Даваа гарагт зарлажээ.
Хэдхэн хоногийн өмнө тус улсын аюулаас хамгаалах байгууллага Оросын тусгай албадтай холбоотой ажилладаг хорлон сүйтгэх ажиллагаа төлөвлөж байсан гэх хэд хэдэн хүнийг баривчилсан юм.
Шийдвэрийн дагуу Оросын элчин сайд Сергей Андрееваас бусад бүх дипломат албаны хүмүүс нийслэл Варшав хот орчмоос гадагш зорчих боломжгүй болж байна.
Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ижил төстэй хариу арга хэмжээ авахаа амлаад Оросын эсрэг үзэлд хэт автсан хэмээн Польшийн эрх баригчдыг шүүмжилжээ.
Харин Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорский ийм арга хэмжээ авсан анхны улс Польш биш гээд цаашдаа өөр олон улс ижил арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн байна.
Тэрбээр Европын Холбооны гадаад хэргийн сайд нартай Брюссель хотод уулзсаныхаа дараа “Орос улс Европын Холбооны эсрэг, тэд дундаа Польш улсын эсрэг гибрид дайн явуулж байгаатай холбогдуулан Оросын дипломатчидын шилжилт хөдөлгөөнийг манай улсын нутаг дэвсгэрт хязгаарлах шийдвэр гарсныг би зарлаж байна” гэж мэдэгджээ.
Уг арга хэмжээг Оросын тал “маш ноцтой анхааруулга дохио хэмээн хүлээж авна” гэдэгт найдаж байгаагаа Сикорский бас илэрхийлсэн байна.
Варшавт суугаа ОХУ-ын элчин сайд Андреев одоогоор шилжилт хөдөлгөөн хязгаарлах талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байгаагаа хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: AFP