CRI Монгол радио
Америк дахь хүний эрхийн зөрчлийн тайлан-2023
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 29-ний өдөр “АНУ дахь хүний эрхийн зөрчлийн тайлан 2023” нийтэлжээ. Тайлангийн агуулгын хураангуйг хүргэе.
Америкт 2023 онд хүний эрхийн байдал улам дордов. Хүний эрх улам бүр туйлширч байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн зонхилох байр суурь эзэлдэг цөөн тооны хүмүүстэй харьцуулахад жирийн иргэдийн дийлэнх нь гадуурхагдаж, үндсэн эрх, эрх чөлөө нь хумигдаж байна.
Буутай халдлага, хүчирхийллийн хэргүүд үргэлжилж, засгийн газрын хяналтын бодлого үр дүнгүй байна. 2023 онд Америкт багадаа хүн буудсан 654 хэрэг гарчээ. Буутай халдлагаас 43 мянга орчим хүн алагдсан. Өдөрт дунджаар 117 хүн буудуулж амиа алдаж байна. Улс төрийн намын туйлшрал, ашиг сонирхлын бүлгүүдэд татагдаж олон муж улсын захиргаа оршин суугчдын буу эзэмших, ашиглах эрхийг өргөжүүлэх хууль тогтоомжийн боломж олгож байна. 2023 онд Америкийн 27 мужид гар буу эзэмших зөвшөөрөл авах шаардлагагүй болсон.
Засгийн газар эрх мэдлээ урвуулан ашиглаж, иргэдийн хувийн нууцад хяналт тавьж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж байна. Холбооны мөрдөх товчоо АНУ-ын Гадаад тагнуулын ажиглалтын тухай хуулийн 702-р заалтыг өөрчлөн дотооддоо чиглүүлж, Конгрессын гишүүд, сонгуулийн кампанит ажилд хандивлагчид болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчдийн харилцаа холбоо, мэдээллийг өргөн хүрээнд тасралтгүй хянаж байна. Олон муж улс арьс өнгө, түүх, хүйс зэрэг тодорхой сэдвүүд хөндсөн боловсролын хэрэглэгдэхүүн, номыг улсын сургуульд ашиглахыг хориглох хууль баталсан. Америкийн их сургуулиудын багш ажилтнууд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө ажлаасаа халагдсан тоо сүүлийн 20 жилийн дээд хэмжээнд хүрчээ.
Цагдаа нарын хүчирхийлэлд өртөж амиа алдсан хүмүүсийн тоо өндөр хэвээр. Хууль сахиулах ажиллагаанд цагдаагийн байгууллагын хариуцлагын тогтолцоо нэр төдий байна. Америкийн цагдаа нар 2023 онд 1247 хүний аминд хүрсэн бөгөөд өдөрт 3 хүн цагдаагийн гарт амиа алдаж байна. Цагдаагийн дотоод хэргийн хэлтэс хууль бус үйлдлийг шалгахаас илүүтэй хамтран ажиллагсад, цагдаа нараа цагаатгах сонирхолтой байдаг тул тэдэнд хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг. Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн нас баралтын статистикийн албан ёсны мэдээллийн санд цагдаа нарын аллагын талаас илүүг “ерөнхий аллага, амиа хорлолт” гэж буруу тэмдэглэсэн байдаг.
Бөөнөөр хорих, албадан хөдөлмөрлүүлэх асуудал газар авч, жинхэнэ “шоронгийн улс” болж байна. Америк дэлхийн хүн амын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг хэрнээ Америкийн хоригдлууд дэлхийн хоригдлуудын 25 хувийг эзэлдэг. Шоронгууд хоригдлуудыг бага цалин, эсвэл тэднийг үнэгүй албадан ажиллуулж, жил бүр тэдний хөлсөөр олон тэрбум долларын бараа, үйлчилгээ бий болгож байна.
Нам хоорондын тэмцэл улам ширүүсч, сонгуулийг янз бүрээр луйвардаж байна. Америкийн118 дахь удаагийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимд 2023 онд парламентийн спикерийн сонгууль хоёр удаа бүтэлгүйтсэн. Конгрессын түүхэнд өмнө байгаагүй муу үзүүлэлт, Америкийн иргэний дайнаас хойшхи хамгийн муу түүх юм. Хоёр нам сонгуулийн тойргийн ахин хуваарилалтыг янз бүрээр будлиулж, хувийн ашиг хонжоо хайж, олон нийтийн үзэл бодлыг гуйвуулсаар байна. 16 мужид сонгуулийн тойргийн хуваарилалтад илэрхий заль мэх хэрэглэж байгаа бол тэдний 12 муж нь “тойргийн ноцтой манипуляцитай муж” болж байгаа юм. Америкийн жирийн иргэдийн олонх нь холбооны засгийн газар, муж улсын захиргааны улс төрийн үйл ажиллагаанд туйлын сэтгэл дундуур байна. Иргэдийн 76 хувь улс орон нь буруу замаар явж байна гэж үздэг.
Америкийн үндэстний цөөнх арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай тулгарч, тэр нь маш муу үр дагаварт хүргэж байна. Африк гаралтай америкчууд цагдаа нарын гарт амиа алдах нь цагаан арьстнуудаас гурав дахин, шоронд хоригдох магадлал 4.5 дахин их байна. Хятад гаралтай Америкчуудын бараг дөрөвний гурав нь сүүлийн нэг жилд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалд өртсөн. Тэдний 55 хувь нь үзэн ядалтын гэмт хэрэг эсвэл хувийн аюулгүй байдалд нь халдаж дарамтлахаас айж байна. Уугуул индианчууд соёлын дарангуйлал дор амьдарч байна. Тэдний шашны итгэл үнэмшил, уламжлалт зан заншлыг нь хэрцгийгээр боомилсон байдаг. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Америкт хавтгайрч, үндэстэн дамнан тархаж байна.
Эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгмийн доод давхарга хүнд амьдрал туулж байна. “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт”-ыг соёрхон батлахаас Америк үргэлж татгалзсаар ирсэн. Ядуусыг мөлжих, баячуудад татаас өгөх, ангиудыг тусгаарлах тогтолцооны нөлөөн дор Америкт баян ядуугийн ялгаа 1929 оны эдийн засгийн их хямралаас хойших хамгийн ноцтой түвшинд хүрчээ. Бүтцийн өөрчлөлтөд өртсөн “ажилтай ядууст” тэгш боломж, өсөж дэвжих боломж маш бага байдаг. Орон гэргүй хүмүүсийн тоо 650 мянгыг давсан нь 2007 онд статистик мэдээлэл цуглуулж эхэлснээс хойших шинэ дээд үзүүлэлт юм. Мансууруулах бодис, эм хэрэглэх явдал газар авсаар байна. Амиа хорлох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.
“Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг арилгах тухай НҮБ-ын конвенц”-ийг өнөөдөр хүртэл соёрхон батлаагүй бөгөөд НҮБ-ын гишүүн орнуудын дунд “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг соёрхон батлаагүй цорын ганц улс Америк юм. Үндсэн хуульдаа одоог хүртэл хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглоогүй улс Америк бөгөөд хүүхдүүдэд тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар нь хорих ял оноодог дэлхийн цорын ганц улс юм. Сүүлийн 20 жилд Америкт эхийн эндэгдэл хоёр дахин нэмэгдэж, төрөх насны 2.2 сая гаруй америк эмэгтэй эх барихын тусламж үйлчилгээ авах боломжгүй байна. Америкийн 21 муж улсад үр хөндөлтийг хориглодог, хатуу хязгаарладаг. Жил бүр 54 мянган эмэгтэй жирэмслэлтийн ялгаварлан гадуурхалтаас ажлаа алддаг. Олон сая хүүхэд эмнэлгийн даатгалын үйлчилгээ авах эрхээ алдаж байна. Жил бүр олон мянган өргөмөл хүүхэд сураггүй алга болдог. 46 мужид 34800 орчим өргөмөл хүүхэд сураггүй болсон ч 34,800 орчим тохиолдлыг дутуу мэдээлснийг аудитаар тогтоожээ.
Хил орчмын бүс нутгуудад хүмүүнлэгийн хямрал хурцдаж, цагаачдын өрөвдөлтэй байдал үргэлжилж байна. Америкийн өмнөд хилийг Олон улсын цагаачлалын байгууллагаас дэлхийн хамгийн их үхэлд хүргэдэг хуурай газрын цагаачлалын зам гэж тодорхойлдог. 2023 оны 9-р сарын 30-ныг дуустал 12 сарын хугацаанд зөвхөн Эль Пасогийн хилийн харуулын бүсэд 149 цагаач амь үрэгдсэн. 2023 оны санхүүгийн жилд Америкийн өмнөд хил дээр баривчлагдсан, албадан буцаасан 2.4 сая цагаач байсан нь хамгийн өндөр тоо болж байна. Америкт нэвтэрч буй цагаачдыг эрүүдэн шүүх зэргээр хүнлэг бусаар харьцдаг. Хилийн бодлого нь хүний наймааг даамжруулж, орчин үеийн боолчлолыг хөхүүлэн дэмжиж, цагаач хүүхдүүдийг харгис хэрцгийгээр албадан хөдөлмөрлүүлэх, мөлжлөг хийх зэрэгт өртүүлж байна.
Америк урт хугацаанд ноёрхогч, ганц талт үзэл, дээрэнгүй улс төрийг хэрэгжүүлснээр, хүмүүнлэгийн хямрал бий болгосон. “9·11” халдлагын дараа Америкийн хилийн чанадад явуулсан “терроризмын эсрэг” дайнд дор хаяж 4.5-4.7 сая хүн амь үрэгдсэн байна. Америкийн арми арав гаруй оронд “гадаадын агент хөтөлбөр” хэрэгжүүлж, бусад орны бүрэн эрх, хүний эрхийг зөрчиж байна. Мөргөлдөөн болж буй бүс нутгуудад зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд үүний үр дүнд олон тооны гэм зэмгүй энгийн иргэд амь насаа алдаж байна. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг Гуантанамогийн шорон өнөөг хүртэл ажиллуулсаар байна. Урт хугацаанд ялгаваргүй ганц талын хориг тавьсан үзүүлэлтээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж, хүмүүнлэгийн ноцтой үр дагаварт хүргэж байна.
Америк дахь хүний эрхийн янз бүрийн асуудал нь Америк дахь хүний эрхийг цөөхөн хүний эдлэх давуу эрх болгоод зогсохгүй, дэлхийн хүний эрхийн эрүүл хөгжилд ноцтой заналхийлж, саад учруулж байна.