Дэлхий

АНУ-ын шүүх ерөнхийлөгч асан Дональд Трампыг гэмт хэргийн 34 зүйл ангиар яллах шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийн шүүх хурал хэдхэн цагийн өмнө дүгнэлтээ гаргаж, Нью-Йорк мужийн тангарагтны шүүх экс ерөнхийлөгчийг гэмт хэргийн 34 зүйл ангиар буруутгажээ.

Энэ нь АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч болон ерөнхийлөгч асан хүн шүүхээс ял сонссон анхны тохиолдол болж байна.

Түүнд ямар шийтгэл оноохыг шийдэх шүүх хурал долдугаар сарын 11-нд буюу Бүгд Найрамдах Нам ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор зарлах үндэсний чуулган эхлэхээс дөрөв хоногийн өмнө товлогджээ.

Оноосон ялын дагуу Трампын хүлээж болох хамгийн хүнд шийтгэл нь шоронд хоригдох юм. Гэхдээ торгуулиар шийтгүүлэх магадлал илүү өндөр гэж ажиглагчид үзэж байна.

Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгчдийн киноны од Сторми Даниэлстэй бэлгийн харилцаанд орсноо нууцлахын тулд их хэмжээний мөнгө төлсөн, энэхүү төлбөрөө нууцлахын тулд бизнесийн бичиг баримтуудаа засварлаж, хуурамчаар үйлдсэн зэрэг хэрэгт буруутгажээ.

Шүүх өнгөрсөн нэг сар хагас орчим хугацаанд 22 гэрчээс мэдүүлэг авсны дотор Сторми Даниэлс, түүнтэй тохиролцох ажлыг гүйцэтгэсэн Трампын хуульч асан Майкл Коэн зэрэг хүмүүс байсан юм.

Тангарагтны 12 шүүгч хоёр өдөр хэлэлцсэний эцэст Трампыг яллах шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.

Трамп шүүхийн шийдвэрийг давж заалдах нь тодорхой байгаа. Гэхдээ энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь түүнд оноосон ял саад болж чадахгүй гэж ихэнх ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version