Дэлхий

Өмнөд Солонгосын тэргүүн баячуудын нэгээр салсан эхнэрт нь $1 тэрбумыг төлүүлэх шүүхийн шийдвэр гарав

Нийтэлсэн

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын шүүх тус улсын тэргүүн баячуудын нэг Чэй Тэ Воноор салсан эхнэрт нь 1.38 их наяд вон ($1 тэрбум) төлүүлэх шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр хэрэгжвэл энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн өндөр үнэтэй гэр бүл салалт болох юм.

Чэй Тэ Вон нь дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэг, харилцаа холбоо, хими, эрчим хүчний салбарын том тоглогч SK Group компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг. SK Group нь 186 салбар компанитай.

Гэр бүлээс гадуур харилцаанаас хүүхэдтэй болсон нь одоогоос арваад жилийн өмнө илэрснээр тэр 1988 онд гэрлэсэн Ро Со Юнээс салахаар болж байв.

Өчигдөр Сөүл хотын дээд шүүх Ро Со Юнийг нөхрийнхөө компанийн хувь эзэмшлийн хэсгээс хүртэх эрхтэй гэж дүгнэжээ.

Чэйн өмгөөлөгчдийн баг шүүхийг хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж шүүмжлээд шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.

2022 онд дунд шатны шүүх хатагтай Род 66.5 тэрбум воны хөрөнгө хуваарилах шийдвэр гаргаж байсан нь өчигдөр ийнхүү бараг 20 дахин нэмэгджээ.

Тухайн үед шүүх нөхрийнх нь эзэмшдэг SK Group-ийн хувьцааны хэсгээс хуваалцах Рогийн хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Тэгвэл Пүрэв гарагт дээд шатны шүүх компанийн хувьцааг хос хоёрын дундын хөрөнгө гэж дүгнэжээ.

Шүүх шийдвэртээ “Эхнэр Ро нь SK Group болон Чэйгийн бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж тайлбарласан байна.

Чэйн эзэмшдэг хувьцааны үнэлгээ 4 их наяд орчим вон юм. Гурван хүүхдийг нь төрүүлсэн Ро уг хөрөнгийн 35 орчим хувийг хүртэхээр болжээ.

Хатагтай Ро нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ро Тэ Угийн охин юм. SK Group-тэй холбоотой төрийн зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэхэд энэ хэлхээ холбоо тус болсон гэж үзсэн байна. Экс ерөнхийлөгч бас Чэй Тэ Воны аав SK Group-ийн өмнөх ерөнхийлөгч Чэй Жон Хёны ажил үйлсэд тусалдаг байжээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа хөрөнгийн зах зээл дээр SK Group-ийн хувьцааны ханш 9 хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: BBC

Exit mobile version