Улс төр

АН-ын дарга Л.Гантөмөр найз охидтойгоо намын жагсаалтад орсон

Нийтэлсэн

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Соёлын сайд Ч.Номингийн “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-гийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэх үеэр хэлсэн үг, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяагийн үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах тухай байр суурь, АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнийн намынхаа сонгуулийн жагсаалтын талаар хэлсэн үгийг онцлов.


 

Соёлын сайд Ч.Номин: -1995 оны конвенцод хулгайлагдсан, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, конвенцын зорилгыг хэрэглэхгүй байх нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэрэг 1970 оны конвенцод заагаагүй зарим асуудлыг нарийвчлан зохицуулсан. Энэ нь оролцогч талуудыг соёлын эд зүйлийн хууль бус эргэлтээс сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгахад зохих хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2013 онд АНУ-ыг хууль сахиулах байгууллагаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдсан Т-Батаарын олдворыг эргүүлэн өгөх үйл ажиллагааг 1995 оны конвенцод үндэслэн зохион байгуулсныг дурдаж болно. Монгол Улсын хувьд гадаадаас соёлын эд зүйлсийг импортлох хэрэгцээ шаардлага бага хэдий ч өөрийн түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох эд зүйлсийг хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна.

 

 

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа: -Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрвэл Дунд голын голдиролд байгаа барилга, байгууламжийг чөлөөлж дуусгана.

 

Д.Мөнх-Эрдэнэ: -Тэрбээр өчигдөр лайв хийхдээ “АН-ын дарга Л.Гантөмөр найз охидтойгоо  намын жагсаалтад групп болж орсон. Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч судалгаа хийлгэх нэрээр мөнгө идэж байна. Манай намын Улс төрийн зөвлөлийн гишүүд гарын үсэг цуглуулж байгаа. Та нар битгий гомдоорой. Ийм байдалтай нам чинь сонгуульд гарахгүй шүү. “Сонгуулийн өмнө гарам дээр морио солихгүй” гэдэг худал үг, бид намаа шинэчилнэ” гэв.

Exit mobile version