Дэлхий

Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэлээ

Нийтэлсэн

Хэвлэл мэдээллийн дэлхийн томоохон группийг эзэмшигч Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэжээ.

Бямба гарагт тэр тэтгэвэртээ гарсан Орос гаралтай молекулын биологич, 67 настай Елена Жуковатай АНУ-ын Калифорни мужийн Бэл Эйр дэхь усан үзмийн эдлэн газартаа хуримласан байна.

Тэдний хуримын гэрэл зургийг Ням гарагт Мердокын эзэмшдэг News Corp компани өөрийн сувгуудаар нийтэд тараажээ.

Мердок, Жукова нар энэ оны гуравдугаар сард сүй тавьсан юм.

Жукова нь Оросын эрчим хүчний салбарын тэрбумтан, улс төрч Александр Жуковын хуучин эхнэр ажээ.

Тэдний охин Даша өмнө нь Оросын өөр нэг тэрбумтан Роман Абрамовичтай гэрлэж байсан юм.

Мердокын хуримын зочдын дунд Америк хөл бөмбөгийн New England Patriots багийн 82 настай эзэн Роберт Крафт, түүний 50 настай эхнэр Дана Блумбэрг нар байжээ.

Мердок өмнө нь дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд сүүлийн эхнэр нь Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггертай удаан хугацаанд ханилж байсан модель Жэрри Холл байв.

Өнгөрсөн онд Мердок консерватив радио нэвтрүүлгийн хөтлөгч Энн Лэсли Смиттэй сүй тавьсан ч сар хүрэхгүй хугацааны дараа цуцалж байлаа.

Зургаан хүүхэдтэй Мердокын анхны эхнэр Австралийн нисэх онгоцны үйлчлэгч Патрисиа Бүүкэр байсан бөгөөд тэд 1960-аад оны сүүлээр салж байжээ.

Дараа нь 30 орчим жил ханилсан сонины сэтгүүлч Анна Торвоос 1999 онд салсан юм. Мердок гурав дахь эхнэр Вэнди Дэнээс 2013 онд салж байжээ.

Австралид төрсөн Мердок нь The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэрэгслүүдийг багтаадаг дэлхийн гурван тив дамнасан аварга том мэдээллийн сүлжээг эзэмшдэг бөгөөд Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $20 тэрбум орчим гэж тооцоолсон байдаг.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бизнесийн удирдлагаа хүү Лакланд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version