Нийгэм
Зам тээврийн ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
Өнгөрсөн шөнө орон нутагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Ганцын даваа” гэдэг газар ачааны автомашин замын хажуу руу унаж, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 3-ны 03:40 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Завханы Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой явсан иргэний “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч 34 настай, эрэгтэй төмөр хийцэд бүтэн биеэрээ хавчуулагдаж, нас барсан байжээ.
Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулах, ядарсан үедээ машин жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу шөнийн цагаар гэрлээ шилжүүлж байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.