CRI Монгол радио

Арабын орнуудын Хятадтай хийсэн худалдаа өнгөрөгч 20 жилд 10 дахин нэмэгджээ

Нийтэлсэн

Энэ 5 дугаар сарын 30-ний өдөр Бээжин хотноо Хятад болон Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын түвшний 10 дугаар чуулган болж өндөрлөлөө.

Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форум байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулж болсон чуулганд Арабын зарим орнуудын төр засгийн тэргүүнүүд БНХАУ-д айлчилж энэхүү арга хэмжээнд биечлэн оролцов. Тухайлбал Бахрейны Хаан Хамад Бин Иса Аль-Хальфа, Египетийн Ерөнхийлөгч Абдул Фатах Ас-Сиси, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммед Бин Заид Аль-Нахян, Тунисын Ерөнхийлөгч Каис Саяид тэргүүтэй Арабын 22 улсын төлөөлөл, Гадаад хэргийн сайд нарыг оролцуулсан чухал арга хэмжээг БНХАУ амжилттай зохион байгууллаа.

Чуулганаар “Бээжингийн тунхаглал” болон “Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үйл ажиллагааны 2024-2026 оны хооронд хэрэгжих хөтөлбөр”-ийг баталсан байна.

Бээжингийн тунхаглалд Хятад, Арабын орнууд язгуур ашиг сонирхлын хүрээнд харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллах, ажил хэрэгч, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн хямралуудыг улс төрийн аргаар шийдвэрлэх, терроризмын эсрэг хамтран ажиллах, хүний эрхийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хамтран ажиллах асуудал тусгагджээ. Харин 2024-2026 оны хооронд хэрэгжих хөтөлбөрт улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, дэд бүтэц, байгаль орчин, сансар судлал, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна. Энэхүү хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хятад болон Арабын орнуудын банк хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэх ингэснээр Арабын банкнууд Хятадын юанийн гадаад гуйвуулга, төлбөр тооцоо хийх, банкны клирингийн системд нэгдэхээр болжээ. Түүнчлэн Арабын зарим орнууд БНХАУ-д бонд босгох, Хятадын хөрөнгө оруулалтыг татах томоохон боломж нээгдэв. Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтоос шалтгаалж дэлхий дахинд улс орнууд сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлэх эрчимтэй бодлого явуулж байна. Иймд талууд сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг зорьж байгаа ба Арабын орнуудад хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Хятадын эрчим хүчний компаниуд, санхүүгийн корпорациуд татагдан оролцоход илүү нээлттэй болж байна. БНХАУ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт маш их туршлагатай төдийгүй тус улсын технологи, тоног төхөөрөмж нь дэлхийд тэргүүлэгчийн байр суурийг эзэлж байна. Харин Арабын орнууд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломжтой бөгөөд энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх санхүү, эдийн засгийн асар их чадавхтай юм. Тиймээс Хятад болон Арабын орнууд бие биеийнхээ давуу талыг ашиглаж энэ салбарт маш үр дүнтэй харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асар их боломж байна. Иймээс хоёр тал эдгээр боломжуудыг аль аль нь бүрэн дүүрэн ойлгож байгаа нь Бээжин хотноо болсон чуулганаар харагдсан төдийгүй ойрын жилүүдэд Хятад Арабын орнуудтай хэрхэн яаж идэвхтэй хамтран ажиллах замын зургийг харуулсан баримт бичгийг баталжээ.

Өнгөрөгч 20 жилийн хугацаанд Хятад, Арабын харилцаа маш идэвхтэй үр дүнтэй хөгжиж чадсан байна. Тухайлбал хоёр талын худалдааны эргэлт 2004 онд 36.7 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 398 тэрбум ам.доллар болж, 10.8 дахин өссөн тоон үзүүлэлт гарсан нь хоёр талын худалдаа сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг байгааг харуулсан бодит жишээ болоод байна.

Тухайлбал Египетийн жүрж, Тунисын оливын тос, Сирийн сарнай зэрэг Арабын гол нэрийн тусгай бараа, бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд нэгэнт танигдаж өргөн хэрэглэгддэг болсон бол Хятадын 5G технологи, автомашин, зарим электрон бараа зэрэг тус улсын дэвшилтэт технологиуд Арабын орнуудад мөн хэдийнээ танил болжээ.

БНХАУ нь Араб Лиг гэгч Арабын 22 улс орнуудыг эгнээндээ багтаасан Арабын ертөнц дэх бүс нутгийн хамгийн том байгууллагатай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд “Бүс ба Зам” Санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны 200 гаруй томоохон төслийг хэрэгжүүлж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал бат бөх хөрс суурь болж чаджээ.

Хятад Арабын харилцаа эдийн засаг, худалдаа, эрчим хүч, технологи, соёл хүмүүнлэгийн түвшинд хөгжөөд зогсохгүй бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг тогтоох хүрээнд хамтын ажиллагаа маш үр дүнтэй хөгжиж байна.

Тухайлбал 7 жилийн хугацаанд хүйтэрсэн харилцаатай байсан Ойрх Дорнодын тэргүүлэх хоёр орон болох Саудын Араб болон Иран улсыг эвлэрэхэд БНХАУ зуучилж, хоёр улс дипломат харилцаагаа эргэн сэргээхээр болсноо 2023 оны 3 дугаар сарын 10-ний өдөр Бээжин хотноо зарлаж байв. Мөн удаан хугацааны турш үл ойлголцсон харилцаатай байсан Палестины Хамас болон Фатах гэх улс төрийн хөдөлгөөнүүд Бээжинд зөвшилцөлд хүрч байлаа.

Түүнчлэн олон жил өрнөсөн Ойрх Дорнодын улс төрийн хямралыг шийдэх, бүс нутгийн тогтворгүй байдлыг эв зүйгээр зохицуулах, одоо болж буй Газын зурвасын дайныг зогсоохын тулд яриа хэлэлцээний механизмыг ашиглахыг Бээжин уриалж байгаа бөгөөд Палестины тусгаар тогтнолыг тууштай дэмжиж байгаа нь Арабын улс орнуудын ихээхэн талархлыг хүлээж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн 5 орны нэг болох БНХАУ-ын байр суурь, санал нь олон улсын хамтын нийгэмлэг буюу дэлхийн олон улс оронд нөлөөлөх нь дамжиггүй. Тухайлбал өнгөрөгч өдрүүдэд дэлхийн зарим улс ялангуяа Европын 3 улс болох Испани, Ирланд, Норвеги улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Палестин бие даасан тусгаар улс байх ёстой гэж үзсэн дэлхийн улс орнуудын тоо 140 давсан нь дэлхий дахин энх тайвны талд зогсож байгааг харуулаад зогсохгүй Бээжингийн эх дэлхийнхээ энх тайвны төлөөх манлайлал олон улсад хүчтэй байгааг харуулсан үйлдэл гэж харж болохоор байна.

Дорнын их өв соёл, түүхийг тээгч таван мянган жилийн түүхтэй Хятад улс болон өрнөд, дорнын огтолцол, зааг дээр оршдог өнө эртний түүхт Арабын ертөнцийн хооронд өнгөрөгч 20 жилд хөгжсөн хамтын ажиллагаа нь Хятадын удирдагч Ши Жиньпиний 11 жилийн өмнө дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгаар улам баяжиж, Арабын удирдагчдын манлайлал, хоёр талын асар их нөөц боломж дээр суурилж, хамтаар харилцан ашигтай хөгжих хүсэл, тэмүүлэл, итгэл найдварын галт бамбараар өрдөгдсөн Хятад-Арабын бат бөх хөгжлийн гүүрээр дамжин цэцэглэн хөгжих ирээдүйн хамтын ажиллагааг улам үр дүнтэй, тогтвортой, хурдацтай хөгжүүлэх итгэлийн гэрлийг асаасан нь Бээжинд болсон арга хэмжээнээс харагдаж байна.

Ашигласан материал

1.      http://mn.china-embassy.gov.cn/eng/gnyw/202405/t20240530_11366243.htm

2.      https://news.cgtn.com/news/2024-05-30/China-Arab-states-adopt-Beijing-Declaration-1u1DtsXhp60/p.html

3.      https://www.bbc.com/news/articles/cl77drw22qjo

4.      https://www.chinadaily.com.cn/a/202406/03/WS665d0baea31082fc043ca79e.html

Нийтлэлч: Батжаргал

Exit mobile version