Дэлхий
ЭВХЭГДДЭГ ГАР УТАСНУУДАД ЭВДРЭЛ ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙГ ТОГТООЖЭЭ
АНУ-д худалдаалагдаж эхэлсэн “Samsung” компанийн “Galaxy Z Flip”, “Motorola” компанийн “Razr” зэрэг эвхэгддэг гар утасны дэлгэц амархан эвдрэх боломжтой болохыг шүүмжлэгчид туршилтуудаараа тогтоожээ.
Нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн гэрэл зургуудаас үзэхэд “Razr” гар утасны дэлгэцийн хоёр давхарга салсны улмаас мэдрэгч нь гэмтсэн байсан бол “уян шилэн” дэлгэцтэй “Galaxy Z Flip” гар утасны дэлгэц хуванцар шиг амархан урагдаж буйг зарим туршилт харуулсан байна. Уг асуудлууд цаашид хэр түгээмэл тохиолдох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
“Samsung” компанийн мэдээлснээр, шинэ гар утасны дэлгэц хамгаалалтын давхаргатай бөгөөд олон туршилтыг давсан байна. Мөн дэлгэцийг нугалсан үед болгоомжтой ашиглах хэрэгтэй гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. Харин “Motorola” компани уг асуудлыг шалгаж байна хэмээн мэдэгджээ. Ташрамд дурдахад, “Samsung” компани өнгөрсөн онд анхны эвхэгддэг гар утсаа худалдаанд гаргахынхаа өмнө шүүмжлэгчдэд шалгуулахаар өгөхөд мөн л эвдрэл үүсэж байсан юм.